Украины “Boeing” онгоцны ослын шалтгааныг шалгах ажлыг удаашруулахгүй байхыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА. /TASS/. Иргэний нисэхийн олон улсын байгууллагын /ICAO/ зөвлөлөөс Ираны эрх баригчдад хандан тус улсын нийслэл Техран хотод болсон Украины агаарын тээврийн нисэх онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлыг удаашруулахгүй байхыг уриаллаа.
“Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 13 дугаар хавсралтад багтсан ослын шалтгааныг мөрдөн шалгах тухай заалтуудын дагуу энэхүү эмгэнэлт явдлыг алгуурлалгүй шалгахыг Ираны эрх баригчдад уриалж байна” гэж ICAO-гийн зөвлөлийн хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Дэлхийн 36 улс багтдаг зөвлөлийн гишүүд мөн мөргөлдөөний бүс дэх иргэний агаарын тээврийн нислэгийн эрсдэлийн үнэлгээний тухай заалттай холбоотой өмнө нь баталсан өөрчлөлтүүдийн талаар хэлэлцжээ. Түүнд зорчигч тээврийн онгоцнуудад учирч болзошгүй аюулын талаар цаг алдалгүй мэдээлэл солилцохыг ICAO-ийн гишүүн орнуудад үүрэг болгосон байна. Үүнээс гадна, одоо байгаа аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарч болзошгүй цоорхойд дүн шинжилгээ хийхээр шийдвэрлэсэн бөгөөд ирэх зургадугаар сард болох зөвлөлийн дараагийн хуралд танилцуулах аж.
Америкийн цэргүүд байрлаж байсан Иракийн баазуудад Иран улс нэгдүгээр сарын 8-нд пуужингийн цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Украины “Boeing 737-800” нисэх онгоц осолдож 176 хүн амиа алдсан билээ. Хожим Ираны эрх баригчид уг онгоцыг андуурч сөнөөснийг хүлээн зөвшөөрсөн юм.