Хархорин суманд хүнсний хангамж 3-4 сарын нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-12 13:18:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Онцгой комиссын хурлын шийдвэр, сумын Засаг даргын А/ 46 дугаар захирамжийг тус суманд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хархорин суманд автотээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хяналтын 3, хөдөлгөөнт 2 цэгийг байгуулан хууль хүчний болон төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Малчдын өвс, тэжээл, хивэг авахаар сумын төв орж ирэх хөдөлгөөнийг хязгаарлахгүй бөгөөд олноороо орж ирэхгүй байх, сумын төвд онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг сануулж байгаа юм.

Сумын Нэгдсэн эмнэлэг нь халдварын сэжигтэй тохиолдолд тусгаарлах байр, нэмэлтээр дэлгэх 51 орыг бэлтгэж, голомтод ажиллах эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг томилон бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хүнсний хангамжийн судалгааг долоо хоног бүрт худалдаа эрхлэгчдээс авч нэгтгэхэд одоогоор 3-4 сарын нөөцтэй байгаа аж. Хүнсний зохиомол хомсдол үүсгэсэн, үнэ хөөрөгдсөн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн талаарх мэдээллийг Шуурхай штабын 70327244 утсаар авч байна гэж сумын Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ