Ц.Мөнхцэцэг: Нэг метрээс дотогш зайд харьцсан тохиолдолд ойрын хавьтал гэж үзнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-11 21:30:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед Эрдэнэтээс гарах болон орох зорчих хөдөлгөөнийг хаасан. Хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар Эрдэнэтээс гарах бол ямар бичгийг үндэслэх вэ?

 -Өвчтөний  оношилгоог  нарийн мэргэжлийн эмч нарын баталсан  /13А/ бичигтэй бол Эрдэнэтнээс гаргана. Гэхдээ уг албан бичигт БОЭТ-ийн захирлын тамга, тэмдэг заавал байх шаардлагатай. Иргэдийн ярьдгаар 13А маягт нь дараагийн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үед олгодог бичиг юм.

-Франц иргэний орчуулагчаар ажилласан эмэгтэйн ээж нь охинтойгоо уулзах гэж Эрдэнэтээс Улаанбаатарыг зорьсон талаарх мэдээлэл цахим орчинд маш хурдацтай тархсан.  Үүнд тайлбар өгөөч?

-Франц иргэний орчуулагч нь Эрдэнэтийн хүн биш. Энэ бол огт үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй.  Харин Франц иргэнтэй хоёр, гуравдугаар зэргийн хавьталттай иргэдийг илрүүлж БОЭТ-ийн Халдвартын тасагт нэг хүнийг тусгаарлаж найман хүнийг ажиглалтад аваад байна. Нийт дөрвөн сорьц авч ХӨСҮТ-д илгээсэн. Энэ сарын 12-нд хариу нь гарна.

 -Нэгдүгээр зэрэг буюу ойрын хавьтал гэдгийг иргэдэд ойлгомжтой тайлбарлавал?

-Тухайн батлагдсан болон сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн нөхцөлд тухайн хүнтэй нэг метрээс дотогш тохиолдолд харьцсан хүнийг ойрын хавьтал гэж үзэж байгаа. Галт тэргэнд болон тухайн тасалгаанд нь цуг байсан, автобусанд хамт зорчсон,  онгоцонд бол тухайн хүний суусан суудлын урд талын 3 эгнээ, хойд талын 3 эгнээ, хоёр хажуугийн гурав гурван эгнээг ойрын хавьтал гэж үзэж байгаа. Эдгээр ойрын хавьтлууд нь эмнэлгийн тусгаарлалтад байна. Харин хоёрдогч, гуравдагч, дам хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад авдаг журамтай. Гэсэн хэдий ч аймгийн Онцгой комиссоос хоёр, гурав дахь хавьтлын иргэдийг ажиглалтын байранд авч ажигла гэсэн шийдвэр гарсан учраас дээрх 8 хүнийг эрүүл мэндийн байгууллагын ажиглалтын байранд аваад байна. 

Холбоотой мэдээ