“Тэнгэрийн тойрог”, “Дүүжин тээвэр” төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-03-11 10:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан “Тэнгэрийн тойрог”, “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлнэ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэснийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.


“Хотын зам” компанийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан нийслэлийн А бүсэд 6-12 метрийн өндөрт 10 гаруй км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, орох, гарах 27 цэгтэй зам барих “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэх болжээ. Замыг Сансарын аюулгүйн тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун 4 зам-Гэсэр сүм-100 айл-Сансарын тойрог гэсэн чиглэлээр барих аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр автозамын түгжрэл 46.5 хувиар, агаарын бохирдол 20 хувь буурна хэмээн тооцсон гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.


Тэрбээр, “800 сая ам.доллароор тавих энэхүү замаар зорчих нийтийн тээврийн хэрэгсэл бүрээс нэг ам.долларын төлбөр авахад зургаан жилийн дотор санхүүжилтээ нөхөх боломжтой. Төслийг зураг төсөл боловсруулах, зам тавих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй, 25 жилийн хугацаатай концессын гэрээгээр барих юм” гэлээ. Төслийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоолол байгаа" гэлээ.


Нью-Йорк, Москва, Анкара зэрэг томоохон хотод хэрэглэж буй “Дүүжин тээвэр” төслийг Олон улсын хөгжлийн ассоциацын 60.7 сая еврогийн зээлээр хэрэгжүүлнэ. “Дүүжин тээвэр” нь Баянхошууны уулзвар-Ханын материал-3, 4 дүгээр хорооллын эцэс буюу 4.9 км зорчих юм. Мөн Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна. Бүгд Найрамдах Франц Улсын 60.7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр хэрэгүүлэх энэхүү төслийн ТЭЗҮ-ийг НЗДТГ-т хийж байгаа аж.  60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.

Холбоотой мэдээ