АНУ “Huawei” компанийн хязгаарлалтын арга хэмжээг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-11 10:13:01

ВАШИНГТОН. /TASS/. Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг Америкийн компаниудад нийлүүлэх зөвшөөрлийг АНУ-ын Засаг захиргаа 5 дугаар сарын 15 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай АНУ-ын Худалдааны яамны албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. 


Америкийн мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг тавдугаар сарын 17-нд хар жагсаалтад оруулжээ. “Huawei” компанийн зүгээс хууль ёсны дагуу арилжааны үйл ажиллагаа явуулдаг гэдгээ мэдэгдсэн байна.


АНУ-ын Худалдааны яам 5 дугаар сарын 20-нд 90 хоногийн хугацаатай утсандаа программ хангамжийн шинэчлэл хийх, сүлжээгээр хангах эрхээ сэргээх түр хугацааны зөвшөөрлийг тус компанид олгосон байна. Үүний дараа зөвшөөрөл үйлчлэх хугацааг хэд хэдэн удаа сунгажээ. 

Холбоотой мэдээ