Иргэдийг тайван байж дархлаагаа дэмжихийг зөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-10 13:21:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвар илэрсэн, франц иргэний хавьтал 123 хүнийг илрүүлэн тусгаарлаж байна. Мөн тодорхой хавьтлуудыг ангилж, ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч, эмчийн хяналт хийнэ. Тиймээс иргэд сандарч тэвдэлгүй дархлаагаа дэмжихийг зөвлөж байна” хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр хэллээ.

Тэрбээр хэлэхдээ, “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Бадрах Энержи” компанид тусгаарлагдсан 1 иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсад “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлаж байна. Тус  тохиолдол нь Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Тухайн иргэнээс халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрснээс хойш тандалт судалгаа хийсэн. Одоогоор Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хавьтлыг тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийх ажлыг зохион байгуулж байна. Харин ХӨСҮТ-д энэ сарын 7-нд тусгаарлагдсан 1 иргэнээс шинжилгээ авахад шинэ коронавирусний халдвар илрээгүй. Мөн өчигдөр дахин долоон хүнийг тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаагаас гадна ХӨСҮТ-д 8, Жаргалантын аманд 10 хүн буюу нийт 18 хүнийг ажиглалтад авсан байна. Иргэд сандарч тэвдэн ХӨСҮТ-рүү залгаж байгаа нь ачаалалтай ажиллаж байгаа бидэнд улам дарамт болж байна. Сандарч, бухимдах нь хүний биеийн дархлааг бууруулдаг. Тиймээс тайван байх хэрэгтэй” гэлээ.

П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ