ДЭМБ-ын зөвлөн туслах баг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-09 14:32:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн "Ковид-19" халдварын сэргийлэлт, хяналтын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна. Тэд эхний өдрөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Авто замын Шалган нэвтрүүлэх олон улсын боомт дахь Гааль, Мэргэжлийн хяналтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораториудад хяналт шалгалтын ажил хэрхэн явж байгаатай биечлэн танилцаж хилээр орох, гарах хөдөлгөөнд ажиглалт явуулжээ.

Мөн хилийн зоонд байгаа тусгаарлах хоёр байрны үйл явцыг хянаж, зөвлөгөө мэдээллээр ханган ажилласан байна. Тус ажиглалтын байранд аймгийн ЭМГ, сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд 14 хоногийн хугацаатай томилогдон ажиллаж байгаа юм. Энд цагдаагийн бие бүрэлдэхүүн 24 цагаар хяналт тавихаас гадна шаардлагатай тохиолдолд хяналтын камераар бүх үйл ажиллагааг давхар хянаж байгаатай танилцжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хоёр дахь өдрийн үйл ажиллагаагаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хэсэг, мөн Халдвартын тасгийн тусгаарлалтын хэсэг дэх шар, ногоон, улаан бүсийн үйл явцад хяналт тавьж үргэлжлүүллээ. Үүний дараагаар ДЭМБ-ын зөвлөн туслах баг аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд халдварын шинж тэмдгийг хэрхэн таних, мөн халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулж, мэдлэг, мэдээллээр хангасан байна.

Мөн тус ажлын хэсэг хоёр өдөр Сэлэнгэ аймагт ажиллахдаа аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.ОргилУлсын онцгой комиссын гишүүн, MХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Ю.Ариунболд нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцон харилцан ярилцжээ.

Сэлэнгэ аймагт ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяа, Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвжав, ДЭМБ-ын Зөвлөн туслах баг ХБНГУ-ын Бэлэн байдлын багийн ахлагч Флориан Хауке, Хендрик Кирхнер, Семсид Кие, Жамил Мушолт болон бусад мэргэжилтнүүд нар багтсан байна. Тэд аймгийн төвд хоёр өдөр ажилласны дараа Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-Уул аймгийг зорьсон байна. Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг өндөр зохион байгуулалтын дор ажиллаж байна хэмээн үнэллээ.

 

Холбоотой мэдээ