Ж.Байденыг дэмжинэ гэж К.Харрис мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-09 09:49:46

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдөөс дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг дэмжинэ гэж Калифорни муж улсын сенатч Камала Харрис өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


К.Харрис Ардчилсан намын сунгаанаас өнгөрсөн оны 12 дугаар сард нэрээ татсан юм. “Улс орныхоо төлөө нэр төртэйгээр зүтгэсэн Ж.Байден бидэнд одоо хэрэгтэй байна” гэж К.Харрис “Twitter” хуудсандаа нийтлээд, даваа гарагт Детройт хотод болох Ж.Байдены кампанит ажилд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.


Өдгөө 77 настай Ж.Байдены нэр хүнд 14 муж улсад явуулсан “супер мягмар гараг”-ийн сунгаанаас хойш ихэд өссөн бөгөөд уг сунгаанд тэрбээр 10 муж улсад ялалт байгуулсан юм. Өөрийг нь дэмжсэн К.Харрист талархаж буйгаа Ж.Байден “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.


Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байсан өөр хэд хэдэн нэр дэвшигч Ж.Байденыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна. Тэдгээрийг дурдвал Индиана муж улсын Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижич, Миннесота муж улсын сенатч Эми Клобучар, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг нар юм.

Холбоотой мэдээ