Эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчид ОХУ-д суралцах эрхийн бичиг гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-06 13:35:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-тэй хамтран зохион байгуулсан, орос хэлээр эсээ бичих уралдааны дүн гарчээ. Өнөө жилийн уралдаанд тэргүүлсэн гурван сурагч ОХУ-ын их, дээд сургуульд суралцах эрхийн бичгийг өнөөдөр гардан авлаа.


ЕБС-ийн сурагчдын дунд гуравдахь жилдээ зохион байгуулсан тус уралдааныг энэ жил Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойд зориулан "Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр" сэдвээр зарласан байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Орос-Монголын найрамдлын төвөөс уралдааныг дэмжиж оролцсон бөгөөд ОХУ-ын Засгийн газрын 50.000 ам.долларын сургалт, амьжиргааны тэтгэлгийг энэ удаад гурван сурагчид олгож буйгаараа онцлогтой юм.


Эрхийн бичгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх, Улаанбаатар дахь РЦНК-ийн захирал А.Р.Базархандаев, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Татьяна Будаева, хэвлэлийн атташе Ксения Панкова нар гардуулсан юм.



ЕБС-ийн хичээл амарч, хөл хорио тогтоосон ч Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн сурагчид уралдаанд өргөн хүрээнд оролцсоныг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд онцлов. Ноднин уралдаанд түрүүлсэн нэг хүүхдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас ОХУ-д суралцах эрхийн бичиг олгож байсан бол энэ жил гурван хүүхдэд гардуулж байгааг тэрбээр тэмдэглэв. Ингээд Монгол-Оросын хамтарсан сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Оюунжаргал, Н.Хулан, Плехановын  нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн харьяа лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Билгүүн нар эрхийн бичгээ гардан авлаа. 


Энэ үеэр Улаанбаатар дахь РЦНК-ийн захирал А.Р.Базархандаев, "Сурагчдын бүтээлээс онцолж хэлэхэд, Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12а ангийн сурагч Г.Оюунжаргалын эсээ бичлэг бараг судалгааны ажил байсан. Тэрээр эмээгийнхээ ярьсан түүхэнд үндэслэж, дайны үед Монголоос мянган тэмээн жингийн цуваа бүхий тусламж Бийск хотод хүрсэн тухай түүх өгүүлсэн. Энэ түүх Оросын хэвлэлээр маш цөөхөн гарч байсан. Тиймээс энэ хүүхэд эсээгээ илүү дэлгэрүүлээд ирвэл ОХУ-ын хэвлэлээр гаргаж өгөхөө амлаж байна" хэмээв.


Уралдааны хоёрдугаар шатанд тэнцсэн есөн сурагчийн нэрс: 

-Г.Оюунжаргал /Монгол-Оросын хамтарсан 3 сургууль 12а анги/

-А.Билгүүн /Плехановын ЭЗИС-ийн лицей 11б анги/

-Н.Хулан /Монгол-Оросын хамтарсан 3 сургууль 12а анги/

-С.Дэлгэржаргал /Монгол-Оросын хамтарсан 3 сургууль 12 г анги/

-Э.Марал /Плехановын ЭЗИС-ийн лицей 11 в анги/

-С.Содбилгүүн /Монгол-Оросын хамтарсан 3 сургууль 11г анги/

-Г.Саран-Эрдэнэ /Плехановын ЭЗИС-ийн лицей 11а анги/

-Ц.Оюундэлгэр /Монгол-Оросын хамтарсан 3 сургууль 12в анги/

-А.Уянга  /Нийслэлийн 5 сургууль 12б анги/


Холбоотой мэдээ