Ши Жиньпиний Японд хийх айлчлалыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-05 16:41:20

ТОКИО. /TASS/. Коронавирусний халдвар тархсаар байгаагийн улмаас БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дөрөвдүгээр сард Японд хийхээр товлосон айлчлалыг хойшлууллаа гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.


"Бид Ши Жиньпин даргын айлчлалыг хоёр талд тохиромжтой цаг үед хийх ёстой гэж шийдлээ. Айлчлалын товыг дипломат сувгаар хэлэлцэж тохиролцоно" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, талууд одоо гол анхаарлаа коронавирусний тархалттай тэмцэхэд хандуулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгджээ.


Ё.Суга мөн Ши Жиньпиний төрийн айлчлалыг хойшлуулах асуудлыг Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны хэрэг эрхлэх комиссын дарга Ян Зечиг Японд саяхан айлчлах үеэр эцэслэн хэлэлцсэн болохыг дурдсан байна.


БНХАУ-ын дарга 2008 оноос хойш Японд айлчлаагүй байна. Японы эрх баригчид Ши Жиньпиний айлчлалд онцгой ач холбогдол өгч байгаа юм. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ эринийг нээнэ гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нэг бус удаа мэдэгджээ.  

Холбоотой мэдээ