Хөвсгөл аймагт 165 иргэн сум болон өрхийн эмнэлгийн хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-03 14:45:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 165 иргэн сум болон өрхийн эмнэлгийн хяналтад байна.

Тус иргэд гадаадаас болон өвчлөл бүртгэгдсэн орноос ирсэн учраас тодорхой хяналтад байгаа аж. Одоогийн байдлаар дээрх иргэдээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын М.Үүрийнбаяр Онцгой комиссын 15-р хуралдаан дээр мэдээллээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, бэлтгэл байдлыг хангуулах, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор шуурхай штабыг байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Ахмад настны сувиллыг шаардлагатай үед иргэдийг тусгаарлахаар бэлэн байдлыг хангуулсан байна.

 

Холбоотой мэдээ