ХӨСҮТ: Улсын хэмжээнд нийт 335 хүн ажиглалтад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-02 13:32:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар, "Ковид 19"-ээр халдварласан 1739 хүн шинээр бүртгэгдэж, нийт тоо 87 137-д хүрчээ. Харин нас баралт 53-аар нэмэгдэж 2977 болжээ. Шинээр Азербайжан, Эквадор, Ирланд, Монако,  Катар, Доминикан зэрэг улсад халдвар бүртгэгдсэн хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа танилцууллаа.

Тэрбээр, “БНХАУ-д 579 шинэ тохиолдол нэмэгдэж, 35 хүн нас барлаа. Халдвар 38 оронд зөвхөн гаднаас орж ирсэн бол 20-иод улсад дэгдэлт байдлаар тархаж байна. БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдэж нийт 3736 болж, 20 хүн нас барлаа. Нийт тохиолдлын 85 хувь нь Тэгү мужид бүртгэгдсэн байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариугаа 33 мянган хүн хүлээж байгаа бол 60 мянган хүний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогоор 3688 хүн тусгаарлагдаж байна. Тус улсад тусгаарлагдаж буй 6 голомтоос Шинчонжи сүмийн 1 хүн халдвар авч 16 хүнд тарааж, цаашлаад 2200 хүнтэй голомт үүсгэсэн. Энэ нь бусад 5 голомттой холбоотой байж болзошгүйг судалж байна. Италид тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдэж 1694-т хүрээд байна. Нас баралт 8-аар нэмэгдэж 34-т хүрсэн. Италид сургуулиудыг 2 долоо хоног хаагаад байна. Иранд 385 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 978 тохиолдол болсон. Нас баралт 11-ээр нэмэгдэж 54 болсон.


ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Я.Янжмаа: АНУ-ын Калифорни мужид халдвар авсан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлж байсан 2 эмч халдвар авч, гэртээ тусгаарлуулсан байна. Өнөөдөр Нью-Йоркод халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Халдвар голомтолж гарч байгаа БНСУ-ын хувьд, Самсунг үйлдвэрийн ажилтан халдвар авсны улмаас үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Канад улсад 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 тохиолдол Иран улсад зорчсоноос үүджээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг нээх гэж байгаатай холбоотой бэлтгэл ажил хийж байна. Эрүүл мэндийн тусламж шаардлагатай тохиолдолд сум, орон нутгийн эмнэлгийн байгууллагууд яаралтай тусламж үзүүлэх бэлтгэлийг бүрэн хангаад байна. БХЯ-ны Багабаян дахь тусгаарлах байр бэлдсэн. Энэ байранд өнөөдөр Нурсалтан-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн зорчигчдоос 76 иргэнийг ажиглалтад авсан. Алтанбулаг, Сүхбаатарын боомтод ОХУ-аар дамжин ирж байгаа БНСУ, Япон улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Нарлаг Монгол галт тэргээр ирсэн иргэдийг тусгаарласан. Сэлэнгэ аймагт ачаалал ихэсвэл тус аймгийн бусад төрийн байгууллагатай хамтран тусгаарлах байр бэлдэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3, нийт 5 тохиолдлын шинжилгээ хийж байна. Хариу гараагүй байна. Өчигдөр ХӨСҮТ-д 8, Сэлэнгэ аймагт 21 хүнийг ажиглалтад авсан. Улсын хэмжээнд ажиглалтад 335 иргэн байна.


Б.Содгэрэл



 

Холбоотой мэдээ