Коронавирусний вакцин гаргаагүй цагт БНАСАУ гадаадын иргэдэд хилээ нээхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-27 17:37:42

СӨҮЛ. /RIA Novosti/. Коронавирусийг эмчлэх аргуудыг боловсруулж дуусах хүртэл БНАСАУ гадаадын иргэдэд хилээ нээхгүй гэж тус улсын эрүүл мэндийн дэд сайд Ким Хён Хун “Чосон Синбо” сонинд дүрс бичлэгээр ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд, мөн далайн боомтууд, нисэх онгоцны буудлаар гадаадын иргэдийг БНАСАУ-д нэвтрэхийг хориглосон. Энэ журмыг коронавирусийг эмчлэх аргыг боловсруулж, вакцин, эм бэлдмэлийг гарган авах хүртэл мөрдөнө” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


БНАСАУ-д одоогоор хилийн чанадаас ирсэн иргэд болон тэдэнтэй ойрын хавьталтай байсан хүмүүсээс “COVID-2019” коронавирусний халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэдгийг тэрбээр дахин мэдэгджээ.  


Умард Солонгосын эмийн үйлдвэрүүдэд тус улсад байгаа эм бэлдмэлүүдэд үндэслэн вирусний эсрэг эм бүтээх ажилд Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаа гэж Ким Хён Хун урьд нь дээрх сонинд мэдээлсэн байна.


Коронавирустэй холбоотой нөхцөл байдлын улмаас Умард Солонгост цэцэрлэг, сургуулийн хичээлийг хойшлуулсан гэж “Yonhap” агентлаг тус улсын төрийн мэдлийн радиогийн мэдээллээс иш татан уламжилжээ. БНАСАУ-д цэцэрлэг, сургуулийн амралт нэгдүгээр сараас хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг бол оюутнууд нэгдүгээр сар дуустал амардаг байна.


Үүнээс өмнө БНАСАУ-ын эрх баригчид "үндэсний онцгой байдлын хорио цээрийн журам" нэвтрүүлж байгаагаа зарлаж, тандалт хяналтыг чангатган, нутаг дэвсгэртээ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан юм. Түүнчлэн гадаадын иргэдэд хилээ хаасан бөгөөд нэгдүгээр сарын 13-наас хойш Хятадаас ирсэн бүх хүнийг нэг сарын турш тусгаарлаж, эмнэлгийн хяналтад байлгах шийдвэрийг гаргажээ.

Холбоотой мэдээ