Хару башёг Их аваргууд тэргүүлнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-02-27 12:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн буюу Хару башёгийн банцүкэг зарлахад, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар зүүн, баруун жигүүрийг тэргүүлэн барилдахаар болжээ.


Хаврын тэмцээн хуваарийн дагуу  гуравдугаар сарын 8-22-нд Осака хотноо болох юм. Энэ башёгийн хувьд нэгэн онцлогтой бөгөөд XXI зууны түүхэнд анх удаа ганц Озэки цолтонтой барилдаан болох аж. Харү башёд хүчээ сорих Озэки цолтон нь Такакейшо юм байна.


Харин 2020 оны анхны Дээд зиндаа буюу Макүүчид тун амжилттай барилдсан Асанояма, Шодай нар Сэкиваке, Хокүтофүжи, Эндо нар Комүсүби цолтой энэ хаврын башёд хүчээ сорихоор болсон байна. Дээд зиндааны хамгийн доод буюу Маэгаширагийн 17-гоос оны анхны башёгийн түрүү бөхөөр тодорсон Токушёорюү барууны хоёрт бичигджээ.


Мөн Макүүчид Нишигики, Дайэма нар эргэн ирж, 22 настай Котоновака анх удаагаа дэвшин барилдахаар болов. Котоновака бол Их аварга Котозакүрагийн зээ, экс Сэкивакэ Котоновакагийн хүү билээ.


Монгол сумочдоос Макүүчи зиндаанд Маэгаширагийн барууны долоод Тамаваши Б.Мөнх-Оргил, барууны наймд Кирибаяма Б.Лхагвасүрэн, зүүний 16-д Азүмарюү С.Тодбилэг нар барилдана.

Холбоотой мэдээ