Нийслэл рүү орох, гарахад асуумж авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот руу орох, хотоос гарах авто тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 23-наас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан. Харин энэ сарын 27-ноос эхлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг "DTM" асуумж-аргачлалыг нэвтрүүлэхээр боллоо.
Тодруулбал, хот хоорондын замыг нээх өдөр буюу 2 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоонд жолооч, зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авах юм. Ингэхдээ автомашин тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунд зарцуулна. Улмаар машин, зорчигч тус бүрийн мэдээллийг нэгтгэн, цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн бааз үүсгэх юм.
Ингэснээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болно. Энэхүү ажлыг НЗДТГ, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран зохион байгуулах аж.
Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 3 дугаар сарын 8-ныг хүртэл хэрэгжүүлэх бөгөөд нөхцөл байдлаас хамааран хугацааг сунгах магадлалтай. Уг асуумж нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул зорчигч та бүхэн цааргалалгүй, бусдад төвөг учруулахгүйгээр асуултад идэвхтэй, үнэн зөв хариулахыг уриалж байна.