Архив, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 14:47:36

Ховд аймагт есдүгээр сарын сүүлийн долоо хоногт архивын улсын үзлэг болно. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч С.Батдоржоос тодруулга авлаа.

-Энэ жилийн архивын улсын үзлэг ямар онцлогтой болох вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124-р захирамжийн дагуу уламжлалт, 4 жилд 1 удаа болдог архивын шалгалт есдүгээр сарын 24-29-ний хооронд манай аймагт болно. Энэ шалгалт шинэчилсэн стандартын дагуу явагдаж байгаа бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа нь гол онцлог болж байна. 
-Байгууллагууд тухайн шалгалтад бэлдэж, ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Энэ шалгалтыг явуулах улсын комисс гэж байгаа. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжаваар ахлуулсан ажлын хэсэг шалгалтаар ирэх юм. Гол шалгуур үзүүлэлтийг хангахын тулд дөрвөн шаардлагыг хангасан байх ёстой. 
1.Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт- 700 оноо
2.Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж буй байдал- 800 оноо
3.Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэхдээ нууц баримт бичиг бүрдүүлдэг бол- 800 оноо
4.Байгууллагын архивын ажлыг дүгнэхэд-1000 оноо гээд энэ дөрвөн чиглэлээр нэг байгууллага нийт 3300 оноо авсан тохиолдолд шаардлагыг бүрэн хангасан гэж үзнэ. Энэ хүрээнд байгууллагын дотоод албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт гээд бүх ажил нь дүгнэгдэх юм. 
-Шаардлага хангаагүй байгууллагад ямар арга хэмжээ авах вэ?
-Манай аймгийн хувьд энэ шалгалтад бэлдэж аймгийн Засаг даргын 2015 оны А/307 дугаар захирамжийн дагуу салбар комисс томилж урьдчилсан үзлэг зохион байгуулсан. Урьдчилсан үзлэгт аймгийн 17 сумын 103 байгууллага, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 35 байгууллага нийт 138 байгууллага хамрагдлаа. Энэ үзлэгээр байгууллагуудын архив хөтлөлтийн түвшин С түвшинд гарсан. Түүнээс хойш байгууллагууд алдаа дутагдал дээрээ ажиллан бид аймгийн хэмжээнд 100 хувь ”А” үнэлгээтэй гарахын тулд хичээн ажиллаж байна.
-Архивын улсын үзлэгт хангалтгүй оролцвол ямар хариуцлага үүрэх вэ? 
-Гурван сарын турш аймгийн хэмжээнд бэлдсэн энэ шалгалтад муу үнэлгээтэй байгууллага гарна гэж бодохгүй байна. Гэхдээ хэрэв шаардлага хангахгүй байгууллага гарвал хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах төдийгүй ажлын хариуцлага алдаж, тэнцээгүй ажилтныг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. 

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд