Тивийн АШТ-нээс чөлөөтийнхөн 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-02-25 13:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Ази тивийн 2020 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо хоёрдугаар сарын 20-23-нд болж Монголын шигшээ багийн тамирчид хүч, ур чадвараа сорив.


Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд хүч үзсэн манай тамирчдаас М.Дөлгөөн, А.Батцэцэг, Э.Даваачимэг нар мөнгөн медалийн эзэд болж Э.Дэлгэрмаа, А.Номин-Эрдэнэ, З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртсэн юм.


Монголын эмэгтэй тамирчдаас 57 кг-ын жинд Ази тивийн АШТ-ний хошой хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга, Японы бөх Рисако Кавайд ялагдсан. Тэрбээр тивээс ийнхүү гурав дахь медалиа хүртэв.


Манай эмэгтэйчүүд Энэтхэгийн нийслэлд аваргалж чадаагүй ч гурван мөнгө, хүрэл, гурван бөх тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнийг дуусгав.


Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ний эрэгтэйчүүдийн 125 кг-д “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ний алт, гурван хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Доржхандын Хүдэрбулга мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тивийн АШТ-нээс тав дахь медалиа зүүж, иж бүрэн медальтай Монголын анхны эрэгтэй бөх болж байна.


Д.Хүдэрбулга Шинэ Делид 1/4 шигшээд Пакистаны Мухаммад Анварыг 12:1-ээр, хагас шигшээд БНСУ-ын Нам Кун Жинийг 8:0-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Юсуп Батырмурзаевт 0:10-аар ялагдсан юм.


Харин эрэгтэйчүүдийн 92 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл Делигийн дэвжээнээс манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүний хувьд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байна.



М.Цогтгэрэл 1/4 шигшээд БНСУ-ын Ли Сун Доныг оноогоор цэвэр (11:0) ялсан ч хагас шигшээд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ний мөнгөн медальт, Японы Такүма Оцүд 1:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн Чингиз Керимкуловыг оноогоор цэвэр (11:1) яллаа.

Холбоотой мэдээ