Шинээр 400 гаруй хоригдол коронавирусээр халдварлажээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-02-22 17:41:49

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй, Шаньдун, Жөзянь гурван мужийн таван шоронд коронавирусний халдвар авсан 449 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр албаны эх сурвалж мэдээлжээ.

Одоогийн байдлаар дор хаяж шоронгийн 9 ажилтан, 505 хүмүүжигч нийт 514 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд батлагдсан 514 тохиолдлын тал хувь нь Хубэй мужийн хорих ангиас илэрчээ.    

Урьдчилан сэргийлэх хяналт сул байсан гэсэн шалтгаанаар Шаньдун мужийн Хууль зүйн тэнхимийн дарга, Хубэй мужийн эмэгтэйчүүдийн хорих ангийн захирагч зэрэг 11 хүнийг ажлаас нь чөлөөлж, хорих ангийн нэг ажилтанд хэрэг нээн шалгаж байна. Мөн өөр нэгэн хорих ангийн ажилтанд Хятадын Комунист намаас хатуу шийтгэл оногдуулжээ.    

Хятадын Комунист намын Төв хорооны Улс төр, хууль эрх зүйн хороо нэг жилийн дараа дахин шалгалтын комисс байгуулсан бөгөөд Ардын дээд прокурорын газар, НАХЯ, Хууль зүйн яамтай хамтран хорих ангид гарсан халдварын дэгдэлтийг нарийвчлан судлуулахаар Шаньдун мужийн Рэн Чөн хорих анги руу явуулжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Хубэй мужийн Ухань хотын эмэгтэйчүүдийн хорих ангид коронавирусний халдвар авсан 230, тус мужийн Ша Ян Хан Жин хорих ангид 41 /мөн сэжигтэй 9/, тус мужийн насанд хүрээгүйчүүдийн хорих ангид сэжигтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн Шаньдун мужийн Рэн чөн хорих ангид коронавирусний халдвар авсан 200 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 207 болжээ. Түүнээс гадна Жөзянь мужийн Ши Ли Фөн хорих ангид шинээр халдвар авсан 29 тохиолдол бүртгэгдэж, нийт 36 болжээ.

Шаньдун болон Жөзянь мужийн хорих ангиудад гараад буй халдварыг хүмүүжигч бус хорих ангийн ажилтнаас тархсан байх магадлалтай гэж үзэж байгаа талаар Хятадын зарим хэвлэлд бичжээ.

Рэн Чөн хорих ангийн тухайд тус хорих ангийн нэгэн ажилтан өнгөрсөн сарын 30-ны өдрөөс энэ сарын 6-ны өдрийг хүртэл амрахдаа өндөр халуурч байсан бөгөөд улмаар энэ сарын 13-ны өдөр коронавирусний халдвар авсан болох нь тогтоогдсон байна.

Жөзянь мужийн Ши Ли Фөн хорих ангийн ажилтан 1-р сарын 14-19-ний өдөр Ухань хот руу зорчсон бөгөөд үүнийгээ санаатайгаар нууж нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд дөрвөн өдрийн дараа халдвар авсан нь оношлогдсон талаар Жөзянь мужаас албан ёсоор мэдээлсэн байна.

Хорих ангиудад халдвар гарсан нь тогтоогдсоны дараа тухайн хорих ангиудын бүхий л хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаж, ариутгал хийх зэргээр арга хэмжээ авч байгаа юм байна.  

Холбоотой мэдээ