БНСУ-аас ирсэн 6 оюутан шинжилгээгээр халдваргүй гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-02-22 13:48:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "КОВИД 19" халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Израил улсад энэ өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. 

Мөн Иранд байдал хүндэрч байгаа талаар ЭМЯ-наас хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ. 

"Өвчний голомт БНХАУ 31 мужийг хяналтдаа аваад байгаа боловч бусад улс оронд тархах эрсдэл өндөр хэвээр байгааг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Ялангуяа манай улсын иргэд хамгийн их зорчдог Япон, Сингапур, БНСУ-д өвчний халдвар, тархалт өндөр хэвээр байна. БНСУ-д өвчлөл цаг, минутаар нэмэгдэж байна. Өчигдөр 156 тохиолдол байсан талаар мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар 284 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Халдварын тохиолдол тус улсын 4 хот, 6 мужид бүртгэгджээ. Ялангуяа Дэгү хотод эрчтэй тархаж байна" гэв. 

Тэрээр, "БНСУ-д коронавирус эрчтэй тархаж буй нь сүмийн цуглаан, мөргөлөөс үүдэлтэй. Тэнд оролцож байсан нэг эмэгтэйгээс халдварласан бөгөөд улмаар тэр эмэгтэй "Ди нам" эмнэлэгт очиж үйлчлүүлсэн. Тус эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлүүлж байсан хүмүүс, эргэн тойрон байсан иргэдэд халдвар тархсан байна. Энэ нь уг вирус нэг хүнээс маш олон хүнд тархах аюултайг харуулж байна" гэв.

Манай эрдэмтэн судлаачдын хийж буй тооцоо судалгаагаар нэг хүн халдвар авах юм бол цаашдаа таван хүнд нэг дор халдвар тарааж, тэр таван нь таван мөчлөгийн хугацаанд тус бүр 384 хүнд халдвар тараах эрсдэлтэйг гаргасан. ЭМЯ дээрх тооцоо судалгаанд үндэслэн цаашид хийх ажлаа төлөвлөн хэрэгжүүлж байгаа гэв. Тэрээр шинэ коронавирусний тархалтын талаарх 24 цагийн, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг манай улсын ГХЯ болон ДЭМБ-аас авч танилцуулж байгаагаа хэллээ. 


Манай эрдэмтэн судлаачдын хийж буй тооцоо судалгаагаар нэг хүн халдвар авах юм бол цаашдаа таван хүнд нэг дор халдвар тарааж, тэр тав нь таван мөчлөгийн хугацаанд  тус бүр 384 хүнд халдвар тараах эрсдэлтэйг гаргажээ.


"Манай улсын хувьд өчигдөр орой Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн Вьетнам улсад сурч байсан нэг оюутан, Токиогоос ирсэн өөр нэг оюутныг тусгаарлаж сорьц авсан. Шинжилгээний хариу маргааш гарна. Мөн БНСУ-ын Дэгү хотоос ирсэн 6 оюутныг ажиглалтад авсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцноос нэг оюутан, Токио-Улаанбаатарын онгоцноос мөн нэг иргэнийг хүлээн авч тусгаарласан. Маргааш тэдний шинжилгээний хариу гарна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Түүнээс гадна Гашуунсухайтад тусгаарласан 12 иргэний биеийн байдлыг ажиглаж байгаа. Тэдний ажиглалтын хугацаа маргааш дуусна. Бид шинжилгээний хариу сөрөг гарсан иргэддээ дахин шинжилгээ хийнэ. Өнөөдөр 3000 оношлуур хүлээн авна. ХӨСҮТ 50 ортой тасагт тусгаарлах иргэдээ хүлээн авч ажиллаж байна. ХӨСҮТ-д 8 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг ээлжлэн ажиллаж байна.

"Дэгү хотод албан тоогоор 400, албан бусаар 400 гаруй Mонголын иргэн байна гэдэг мэдээлэл бий. Бид иргэдийн судалгаагаа нягталж байна Дэгү хотод сурдаг оюутнууд энэ сарын 20-ноос эхлэн амарч байгаа. Бид өнөөдөр Сөүл-Улаанбаатарын онгоц буухаас өмнө тэдгээр иргэнд ямар арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудтэй ярилцан шийдвэр гаргана”  гэлээ.

Манай улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буйг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдэгдлээ. ДЭМБ-аас хүн амын бөөгнөрлийг үүсгэж болохгүй. Цагаан сараар айл хэсэхгүй гэр гэртээ байхыг нийт иргэддээ уриалж байна гэв.

Б.Болд


Холбоотой мэдээ