Адууны мах, аарц түлхүү хэрэглэхийг уриаллаа

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-20 11:20:39
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд адууны махыг ханиад томуу, хатгааг эмчлэх, өвчин тусахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Адууны маханд цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг миоглобин агууламж өндөр байдаг нь хүний бие организмын амьсгалах процессыг дэмждэг байна. Мөн үл орлогдох өөхний омега 6, омега 3 аминхүчлүүд, глобулины бүлгийн уураг, глютамины хүчил агуулдаг учир аливаа өвчин үүсгэгч нянг устгах, бодисын солилцоог сайжруулан дархлааг дэмжих, чийрэгжүүлэх ач тустайг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолж байна. 


Түүнчлэн амьсгалын замын халдварт өвчний үед аарц түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Аарц нь цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй үл орлогдох амин хүчлээр баялаг уураг,  С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодис агуулдаг. Халуун аарц ууснаар хүний биеийн дулаан нэмэгдэж, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхэждэг байна. Мөн халуун аарцанд шар тос нэмбэл А, Д, Е аминдэмийн агууламж нэмэгддэг.


Иймд адууны мах, аарц түлхүү хэрэглэж өнөөгийн үүсээд байгаа халдварт өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ХХААХҮЯ-наас уриаллаа.

Холбоотой мэдээ