Зайлшгүй шаардлагатай эмийн хангамж нэгээс хоёр хоногийн нөөцтэй байгаа

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-20 11:29:38

Завхан/МОНЦАМЭ/.Завханы ЭМГ-аас шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө” боловсруулан ажиллаж сургалт мэдээллийг 320 гаруй иргэнд явуулжээ.          

Аймгийн хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр салбар хоорондын мэдээлэл солилцох түр журам боловсруулан батлуулж ажиллаж байна.

Мөн халдварын эрсдэлийн үнэлгээг хийсэн ба өндөр эрсдэлтэй үнэлэгджээ. Өнөөдрийн байдлаар аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад их эмч 182, сувилагч 278, багийн эмч 71 ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эмийн хангамж аймгийн хэмжээнд 64.3 хувь буюу долоо хоногоос хоёр сарын нөөцтэй.

Коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 2020 оны тавдугаар долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчлөл амбулаторийн үзлэгийн 9,7 хувийг эзэлж томуу, томуу төст алаг цоог хэлбэрийн тархалттай байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Амны хаалт, гар ариутгалын бодис

нөөцөд бага байгаа гэв

Завхан аймгийн хэмжээнд шинэ коронавирусний (“2019-nCoV) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор угтах зөвлөх үйлчилгээг нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлэн явуулж байна.

Энэ үйлчилгээг Улаанбаатар Доной чиглэлийн нислэг, Улаанбаатар-Улиастай, Их-Уул, Тосонцэнгэл, Асгат, Баянтэс, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Тэс, Тэлмэн чиглэлийн автобусны зорчигчид, Арц суурь хилийн боомтоор нэвтэрсэн иргэдэд өдөр бүр үзүүлж буй.

Тухайлбал өнөөдрийн байдлаар нисэх буудлаар үйлчлүүлсэн 191 иргэн, хот хоорондын автобусны 3909 иргэн, хилийн боомтоор нэвтэрсэн 432 иргэнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн байна.

Эдгээр иргэдийн биеийн халууныг үзэх, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж өгөх, биеийн халуун өндөр иргэдээс голомттой бүсээс ирсэн эсэхийг нь тодруулах ажлыг өдөр бүр хийж байгаа. Завхан аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд нь коронавирусний халдварын тохиолдол гарсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хувьд 1-2  хоног ажиллах нөөцтэй байна.

Коронавирусний халдварын эмнэлзүйн хувьд хүнд хэлбэрийн өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж, техникийн хүчин чадал  нь хоёроос дээш өвчтөнд нэгэн зэрэг тусламж үзүүлэх боломжгүй байна. Харин аймгийн хэмжээнд амны хаалтын нөөц 2500 ширхэг байна.

Нэмэлтээр 45825 ширхгийг татан авсан ч дууссан байгаа. Спиртийн уусмал гэхэд аптекуудад 231 литрийн нөөцтэй, гар халдваргүйтгэх бодис 1000 ширхгийн нөөцтэй байгаа талаарх мэдээллийг аймгийн ЭМГ Онцгой комиссын хурлын үеэр тус тус мэдээллээ. 

Холбоотой мэдээ