Коронавирусний халдвараас сэргийлэхэд зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбум төгрөг гаргажээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-19 19:54:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж,  “COVID-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшиний мэдээллийг сонсов.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 26 орны 74 мянга 236 хүн COVID-19 вирусээр халдварлаж, 2007 хүн нас барсан (үүнээс 2004 нь БНХАУ-ын иргэн) байна. Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 17-нд Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт “COVID-19” вирусний халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.  


Мөн тэрбээр, Засгийн газрын “Шинэ коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Мөн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах салбар дундын төлөвлөгөөг боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулан, хэрэгжилтийг хангаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг бүх автозам, төмөр зам, агаарын тээврийн боомтыг хаасан" гэлээ.


Олон нийтийн цахим сүлжээгээр шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх 9 төрлийн шторк, 4 төрлийн зурагт хуудас, амны хаалт хийх болон хэрэглэх аргачлал, зөвлөмжийг нийт 68 телевиз, үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компаниар дамжуулан 2.5 сая хэрэглэгчид /давхардсан тоогоор/ хүргэлээ. Аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 570 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд байна. Коронавирусний халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 200, Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэх бэлтгэлийг хангаж, шаардлагатай тохиолдолд “Асралт мед”  эмнэлгийн 100, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн 60 орыг нөөцөд байлгаж байна. Цагаан сарын баяртай холбогдуулан нийслэлд 312,  аймаг орон нутагт 153, нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагын гаргасан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг тус тус зогсоож, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэр, цех, зоогийн газар нийт 1585 үйлдвэрлэл, үйлчилгээний газарт холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хязгаар зөрчсөн 46, цахим тоглоомын газар ажиллуулсан 21, автомат тоглоом ажиллуулсан 2, нийт 75 зөрчлийг илрүүлжээ.


Засгийн газрын “Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тухай” шийдвэрийг үндэслэн 91 байгууллагын нийт 287 ажилтан, албан хаагчид цалинтай чөлөө олгожээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан стандартын дагуу Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрүүдэд амны хаалтыг оёулах захиалга өгч, 9000 ширхгийг үйлдвэрлэсэн байна.


Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Я.Санжмятав, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүд “COVID-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад Засгийн газар, Улсын онцгой комисс онцгой анхаарч, зөв менежмент хийн ажиллаж байгааг онцолж байлаа. Түүнчлэн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад цалин, урамшууллыг цаг тухайд нь олгох, Засгийн газар шаардлагатай техник хэрэгсэл, хөрөнгийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг анхааруулж байв.

Холбоотой мэдээ