Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажилтай танилцав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-02-19 15:51:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шуурхай штабын дарга-Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар коронавирусний халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруунтуруун, Морингийн даваа зэрэг товчооны ажил байдалтай танилцлаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн алба зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулав. Мөн цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээг шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

-Өлзийт товчооны байрыг сайжруулах.

-Баруунтуруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд анхаарч, зохих арга хэмжээг авах.

-Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.

-Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.

-Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах.


Холбоотой мэдээ