Сурагчдынхаа шүдийг эрүүлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-26 11:41:10

Сурагчдынхаа шүдийг эрүүлжүүлж, зөвхөн сурагч гэлтгүй багш, ажилчид нийтээрээ эрүүл шүдтэй хамт олон болох зорилтыг Сайнцагаан сумын Мандал сургуулийнхан тавьжээ.

Тус сургууль 840 сурагчтай. Эхний удаад сурагчдынхаа шүдийг эрүүлжүүлж байгаа бөгөөд энэ тухай сургуулийн эмч Д. Алтанцэцэгээс тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ, “Шүд хорхойтсон бол 300 гаруй өвчний эх үүсвэр болж байдаг. Тиймээс хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, амны хөндийг эрүүл байлгах нь нэн түрүүнд анхаарах асуудал юм. Хүүхэд бүрийн шүдийг үзсэн. 840 сурагчаас 53 хувь нь шүдний өвчлөлтэй байсан. Тэдний 75 хувь нь шүдээ эмчлүүлээд байна” гэлээ.

Сургуулийн эмч анги бүрт хяналтын хуудас хөтөлдөг юм байна. Эрүүл шүдтэй болон шүдээ эмчлүүлсэн сурагчдад амны хөндийн эрүүл ахуйн талаар ойлголт өгч, шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгдөг. Мөн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа болон шүд өвчлүүлэхэд хүргэдэг бусад нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаггүй болжээ.

Бага ангийн сурагчдын эцэг эхийн хувьд хүүхдийнхээ шүдийг эрүүлжүүлэхэд анхаарал сайн хандуулж байгаа бол дунд, ахлах ангийн сурагчдын хувьд эцэг эх төдийлөн анхаарахгүй байгаа. Нөгөөтэйгүүр эцэг эх нь хөдөө мал малладаг хүүхдүүд олон тул сургуулийн эмч хүүхдүүдийг өөрөө дагуулан явж, шүдний эмчид эмчлүүлж байгаа ажээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ