“Монголын Ботаникийн сэтгүүл” дахин хэвлэгдлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-02-18 16:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс “Монголын Ботаникийн сэтгүүл”-ийг өнөө жилээс дахин эрхлэн гаргалаа.

Өмнө нь “Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл” нэртэйгээр 1976-2014 онд хэвлэгдэж байгаад түр завсарлаад байсан юм.  

Тус сэтгүүл нь ургамал судлалын чиглэлийн мэргэжлийн сэтгүүл бөгөөд ургамлын аймаг, ангилалзүй, зураглал, өөрчлөлт, хөдлөлзүй, экологи, ургамлын нөөц судлал, биотехнологи, биохими зэргийг хамрах юм.

Сэтгүүлийн энэхүү дугаараас Монголын мөөгийн аймагт тэргүүлэх дээд мөөгийн овог, төрлүүдийн байрзүйн дараалал тэдгээрийн тархах зүй тогтлын тухай болон Богдхан уулын Манзуширын амны гол горхи, ус намгархаг газрын замгийн бүрэлдэхүүн, Монгол дахь Хумилж (Alchemilla L.)-ийн мөн Шүхэртэн овгийн төрөл таних онцлог шинж тэмдэг зэрэг судалгааны үр дүнтэй танилцах боломжтой. 

Мөн их шүүдэргэнийг Ботаникийн цэцэрлэгийн сорил туршилтын талбайд үндэслэг иш, үрээр тарьж ургуулан, ургамлын үрийн гарц, сэргэн ургалтын  үеийн  үзэгдэлзүй,  үржих чадварын харьцуулан судалсан дүнг оруулжээ.

Холбоотой мэдээ