Идэр залуу малчин аймгийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-02-17 16:26:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвандолдугаар жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилд халуун хошуут малаа төрөл бүрээр нь өсгөн үржүүлэхийн зэрэгцээ үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулж, сум, орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцон хандив, дэмжлэг үзүүлж, залуу үеийг малжуулан тусалж яваа 109 малчныг “Аймгийн аварга малчин”-аар шалгарууллаа.

Мөн “Аймгийн хошой аварга малчин”-аар гурав, “Аймгийн аварга саальчин”-аар зургаа, “Аймгийн Манлай малчин”-аар  таван малчин тус тус шалгарчээ.

Гучин-Ус сумын 1 дүгээр багийн малчин  Н.Алтангэрэл “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан нь таван хошуу малыг таван төрөл дээр өсгөж явааг минь үнэлсэн болов уу” хэмээн өөрийн тухай онцоллоо.

Тэрээр ид залуу гучаад настай ч 20 гаруй жил мал маллаж,  2014 онд “Сумын алдарт уяач”, 2015 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч 2016 онд Монголын Залуучуудын Холбооны алтан медалиар энгэр мялаажээ.

2019 оны эцэст 1300 гаруй толгой мал тоолуулсан ба малынхаа үүлдэр угсааг сайжруулан, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажилладаг гэв.

Малын борлуулалтаас жилд 20-25 сая төгрөгийн орлого олж, ая тухтай амьдрахын төлөө хөрөнгө оруулалт хийдэг байна. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа төсөвт байгууллагуудад хандив тусламжийг жил тутамд өгдөг ажээ. Н.Алтангэрэл мал маллах их ажилд нь үргэлж тусалж байдаг ах дүүс, айл саахалтынхан, сум, орон нутгийн удирдлагууддаа баярлаж талархснаа илэрхийлсэн. 

Холбоотой мэдээ