Нийслэлд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явган эргүүл ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-17 14:46:17
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийх болсныг НОБГ, НМХГ, НЭМГ-аас өнөөдөр мэдээллээ. Явган эргүүл иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах юм.


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд агаар дахь хорт хийн агууламжийг тодорхойлох багаж, хордлогын үед хүний бие дэх агаарын хий хэмжигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулж дууслаа. Коронавирусний халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийж ажиллана. Явган эргүүлүүд хотын төв болон гэр хорооллын гудамжаар явж иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллана” гэв.


Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие засаж, нус, шүлсээ хаясан 200 гаруй иргэнд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээ авчээ.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчил гараагүй” хэмээн мэдээллээ.


Өнгөрсөн сарын мөн энэ үеийнхтэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргийн болон Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд илүү цагаар ажиллаж, хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал хэвийн байгаа аж. Коронавирусний халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Дэлхийн 25 улсад бүртгэгдээд байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байна”  гэв.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврээ сайтар хангаж, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Холбоотой мэдээ