Зуучлагч хийх НҮБ-ын саналыг Энэтхэг хүлээж авсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-17 11:54:43

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерришийн тавьсан Кашмирын асуудлыг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэх саналыг Энэтхэгийн эрх баригчид хүлээж аваагүй байна.


“Энэтхэгийн байр суурь өөрчлөгдөөгүй. Жамму ба Кашмир Энэтхэгийн салшгүй хэсэг байсан, цаашид ч байх болно. Пакистаны хууль бусаар хүч хэрэглэн эзэлсэн газар нутгийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Бусад асуудлыг, хэрэв үүсэн гарч ирвэл хоёр талын хэлэлцээгээр шийдэх ёстой. Гуравдагч этгээдийн зуучлал хэрэггүй. Түүнчлэн Энэтхэгийн эсрэг явуулж буй террорист үйл ажиллагааг Пакистаны эрх баригчид зогсоох хэрэгтэй гэж бид үзэж байна” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пакистанд дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Пакистаны нийслэлд болсон Афганистаны дүрвэгсдэд зориулсан олон улсын бага хуралд оролцсон байна.


Антонио Гуттерриш ням гарагт Исламабадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлэхдээ, “Кашмир болон энэхүү маргаантай бүс нутагт хоёр талыг зааглагч бүсийн байдалд “ихээхэн түгшиж байгаагаа” илэрхийлсэн байна. Энэтхэг, Пакистаны эрх баригчид Кашмирын асуудалд “маш хүлээцтэй хандах” нь чухал болохыг тэрбээр цохон тэмдэглээд хоёр улс зуучлалын талаар хэлэлцэн тохиролцсон тохиолдолд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.


Холбоотой мэдээ