Онцгой комиссын шуурхай хуралдааныг Тэс суманд зохион байгуулав

Орон нутагт | Завхан
sarantsetseg@montsame.mn
2020-02-17 12:11:16

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Завхан аймгийн Тэс суманд 2020 оны хоёрдугаар сарын 16-нд ажиллав.

Энэ үеэр Онцгой комиссыг хуралдуулж өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцав.

Завханы Асгат, Баянтэс, Баянхайрхан, Тэс сум Улаанбаатараас 1100 гаруй, аймгийн төвөөс 300 гаруй км алслагдсан. Нийт 15 багийн 2647 өрхийн 8500 гаруй хүн амтай. Эдгээр суманд 1247 өрхийн 472,700 гаруй толгой мал өвөлжиж байна.

Нийт нутгаар  цасны зузаан 10-35 см, хунгарласан газартаа 40-60 см, гуу жалгандаа 70-120 см зузаан цастай.

Аравдугаар сараас хойш орсон цас хатуурч, хөрөлсөн, мөстдсөн зэрэг нь бэлчээр муудах, өвс, тэжээлийн хомсдол үүсэх, малын хөл халзрах, мал зүй бусаар хорогдох эрсдэлийг дагуулж байна. Баянхайрхан сумын Төөнөтийн даваа, Баянтэс сумыг Зайгал, Тэс сумын Баян-Уулын Архос, Өвөрхос, Тээрэнгийн даваа цасанд хаагдсан байсныг нээжээ.

Аймгийн аюулгүй нөөцөөс 40 тонн өвс, 40 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгосон. Харин шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Угтах-Зөвлөгөө” үйлчилгээ гаргаж, хилийн боомт, нийтийн тээврийн хэрэгслээр орж, гарч байгаа иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Сумдын эрүүл мэндийн байгууллагууд гэрээр үзлэг хийж байгаа бөгөөд 308 хүнийг үзлэгт хамруулснаас 41 буюу 13,8 хувь нь томуутай байсан бол хоёрдугаар сарын 10-ны байдлаар 86 хүний 6 буюу 6,9 хувь нь томуутай гарч, өвчлөл буурсан үзүүлэлттэй байгааг мэдээлэв.

Шуурхай бүлэг”-ээс малчдад шаардлагатай байгаа 260 тн өвс, 245 тн тэжээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох, эрүүл мэндийн газруудын автомашинуудыг засварлахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх,Тэс сумын Цагдаагийн хэлтсийг автомшинтай болгох, тусгаарлах байрыг бэлтгэхэд эм, эмнэлгийн болон багаж, тоног төхөөрөмжийг шийдвэрлэхийг тус тус хүслээ гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ