АНУ ЕХ-ны нисэх онгоцнуудад ногдуулсан татвараа нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-15 12:45:15

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-эрх баригчид Европын Холбооноос импортолж буй нисэх онгоцнуудад ногдуулах татварыг 3 дугаар сарын 15-наас эхлэн 15 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. 


“Европын Холбооноос импортолж буй нисэх онгоцнуудад ногдуулах татварыг 10-15 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр 3 дугаар сарын 18-нд хүчин төгөлдөр хэрэгжинэ” хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурджээ.

“Airbus” корпорацад татаас өгөхтэй холбоотой өмнөх шийдвэрийг нь ЕХ биелүүлээгүйтэй холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагын арбитрын шүүхээс Америкийн эрх баригчдад тус холбооны орнуудын 7.5 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулахыг 2019 оны 10 дугаар сарын эхээр зөвшөөрчээ. ЕХ-ны хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнд 10 болон 25 хувийн татвар ногдуулах шийдвэр 10 дугаар сарын 18-нд хүчин төгөлдөр болсон юм.


Тухайн үед Их Британи, Герман, Испани, Францын цэргийн техникээс бусад нисэх онгоцнууд 10 хувийн татвар ногдуулсан бараа бүтээгдэхүүний төрөлд багтжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдэгдсэнээр, эрх баригчид эдгээр бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг эргэн харах шийдвэр гаргажээ. Түүнчлэн 25 хувийн татвар ногдуулсан бараа бүтээгдэхүүний жагсаалтад хэд хэдэн өөрчлөлт орсон байна. 


Холбоотой мэдээ