Бээжингийн соёл урлаг, аялал жуулчлалын салбар коронавирусний эсрэг тэмцэлд нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-02-13 14:13:33

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг тэмцэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Бээжин хотын соёл урлаг, аялал жуулчлалын салбарынхан цахим үйлчилгээнүүд тэргүүтэй олон төрлийн арга хэмжээнүүдийг олон нийтэд танилцуулж эхэлсэн талаар тус хотын Соёл урлаг, аялал жуулчлалын газар мэдээлжээ.


Олон нийтийн цуглаанаас үүдэн вирусний халдвар тархах эрсдлийг бууруулах үүднээс Бээжинд цагаан сарын баяртай холбоотой 4300 гаруй соёлын үйл ажиллагаа, 5400 орчим тоглолт, спортын томоохон 10 арга хэмжээг цуцалсан байна. Мөн Бээжин хот дахь 370 гаруй үзвэрийн газар, номын сан, 6400 гаруй олон нийтийн төв, 183 музей үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн интернэт кафе, кинотеатр, жуулчдын үзэх дуртай газрууд түр хугацаагаар хаалгаа барьсан байна.


Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын улмаас гэртээ байгаа иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Бээжингийн дуурийн театр, симфони найрал хөгжим, акробат үзүүлбэрийн жүжигчид болон бусад соёл урлагийн нэгдлүүд тоглолт, үзүүлбэрүүдийнхээ дүрс бичлэгүүдийг цахим сүлжээнд байршуулж эхэлжээ. Үүний зэрэгцээ номын сан, соёл урлагийн байгууллагууд ч мөн олон төрлийн цахим үйлчилгээг олон нийтэд санал болгож эхэлжээ.


С.Анужин

Холбоотой мэдээ