Аяллын хөлөг онгоц дээр коронавирусээр халдварласан хүний тоо 44-өөр нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-13 13:54:28

ТОКИО. /RIA Novosti/. Японд хөл хорионд байгаа “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо 44-өөр нэмэгдэж 218 болсон байна. Өндөр настай хүмүүсийг хөл хорионы хугацаа дуусахаас өмнө хөлөг онгоцноос шилжүүлэх шийдвэрийг Японы эрх баригчид гаргалаа гэж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Кацунобу Като мэдээлжээ.


Түүний хэлснээр, шинээр халдвар авсан хүмүүсийн 43 нь зорчигч, нэг нь хөлөг онгоцны багийн гишүүн аж. Хөлөг онгоцон дээр нийтдээ 218 хүн халдвар авсан байна.


Зорчигчид болон багийн гишүүд нь шинэ төрлийн коронавирусний халдвар авсны улмаас тусгаарлагдсан уг хөлөг онгоцны хөл хорионд байх хугацаа хэрэв дахин сунгахгүй бол хоёрдугаар сарын 19-нд дуусна. Нүүлгэн шилжүүлэх зорчигчдоос коронавирусний шинжилгээ авна гэж урьд нь мэдээлжээ. Хөлөг онгоцон дээр чихрийн шижин зэрэг вирусний гаралгүй өвчинтэй, өндөр настай олон хүн байгаа аж. Катогийн хэлснээр, настай хүмүүсийг хоёрдугаар сарын 14-нд хөлөг онгоцноос шилжүүлнэ. “Diamond Princess” хөлөг онгоцон дээр нийтдээ 3600 орчим хүн байгаа юм.


Холбоотой мэдээ