“Шимэгч” Оскарын шагнал хүртсэнээр улам алдаршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-13 13:13:45

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын оршин суугч, 84 настай И Кён Сук охин, ач хүүгийнхээ хамт Ганнам дүүрэгт байрлах кинотеатрт лхагва гарагт очжээ. Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс амны хаалт зүүсэн тэрбээр БНСУ-ын найруулагчийн уран бүтээл Шимэгч кино Оскарын наадмаас нэр хүндтэй шагналуудыг хүртсэнд бахархаж буйгаа илэрхийлжээ.


“Би “Шимэгч” киног өнгөрсөн онд Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэнийх нь дараа үзсэн. Уг кинонд өгүүлсэн зүйрлэл, өнгө аясыг дахин нягталж, дэлхий дахины үзэгчдийн сэтгэлийг татаж буй зүйл нь юу болохыг олж харахын тулд дахин үзэхийг хүссэн юм” гэж И Кён Сук хэлжээ. Мөн найруулагч Бон Жун Хогийн гайхалтай бүтээлээс өөрт төрсөн сэтгэгдлээ уг киног хараахан үзэж амжаагүй байгаа охин, ач хүүдээ мэдрүүлэхийг тэрбээр хүссэн байна.


Бон Жун Хо 7 дахь уран бүтээл болох Шимэгчкинондоо ядуу зүдүү амьдралтай гэр бүл баян чинээлэг гэр бүлийн амьдралд хэрхэн шургалан орж буйгаар дамжуулан нийгэм дэх анги давхаргын ялгааг харуулжээ. ШимэгчОскарын наадмын дээд шагнал болох “Шилдэг кино шагналыг хүртсэн анхны гадаад кино болсон төдийгүй Шилдэг гадаад хэлээрх кино, Шилдэг зохиол, Шилдэг найруулагч шагналыг хүртсэн юм.


БНСУ-ын иргэд Шимэгч-ийг Оскарын шагнал хүртсэний дараа өргөн дэлгэцээр дахин үзэх хүсэлтэй байсан тул тус улсын кинотеатрууд уг киног энэ долоо хоногоос дэлгэцнээ дахин гаргаж эхэлжээ. Энэхүү кино нь 2019 оны тавдугаар сарын 30-нд анх нээлтээ хийсэн бөгөөд нийт 10 сая гаруй хүн үзсэн ажээ.


CJ группийн “CJ CGV” кинотеатрын сүлжээ улс даяарх 40 салбартаа даваа гарагаас Шимэгч киног дахин гаргаж эхэлжээ. Уг сүлжээ Сөүл хотод 14 салбартай юм. Мөн “Megabox”, “Lotte Cinema” кинотеатрууд тус тус 30 салбартаа уг бүтээлийг гаргаж эхэлсэн байна.


БНСУ-ын Кино зөвлөлийн мэдээлснээр, “Шимэгч” кино мягмар, лхагва гарагт Солонгосын “Box Office-ын жагсаалтын тавдугаар байрт бичигджээ. Пүрэв гарагийн өглөөний байдлаар “Шимэгч” киноны тасалбарын урьдчилсан захиалга 17 мянга хүрснээр Солонгосын инээдмийн кино болох “Honest Candidate”, Оскарын шагналт бүтээл “Little Women” зэргийн араас гуравдугаарт жагсжээ.


Шимэгч" киног стриминг үйлчилгээнүүд болон “DVD”-гээр үзэх боломжтой байгаа хэдий ч хүмүүс кинотеатрыг зорихыг илүүд үзэж байгаа нь уг кино төсөөлж байснаас ч илүү нэрд гарсныг харуулж байна. Ажлын өдрүүдэд үзвэрийн тасалбарын 10 орчим хувь нь л борлогддог бол энэ долоо хоногийн даваа гарагт Шимэгчкиноны тасалбарын 50 гаруй хувь, мягмар гарагт 70 гаруй хувь худалдаалагдсан. “Шимэгч” Оскарын 4 шагнал хүртсэнээр уг киног үзсэн хүмүүс дахиж үзэх, үзээгүй хүмүүс зорин очиж үзэх нөхцөлийг үүсгэлээ" гэж “CGV сүлжээний төлөөлөгч мэдээлжээ.


Мөн Шимэгч киноны хар цагаан хувилбарыг энэ сарын 26-наас кинотеатруудын дэлгэцнээ гарах тул үзэгчдэд өөр нэгэн сонголт бий болох юм. Үүний зэрэгцээ уг бүтээл нь Хойд Америк, Европын орнуудад ихээхэн алдаршжээ. “Box Office Mojo-гийн мэдээлснээр Шимэгч кино даваа гарагт 501 мянга гаруй ам.долларын ашиг олсныг ням гарагийнхтай харьцуулахад 15.6 хувиар өссөн үзүүлэлт болсон бол мягмар гарагт 661 мянга гаруй ам.долларын ашиг олсон нь даваа гарагийнхаас 31.9 хувиар өссөн байна.


Шимэгч кино Хойд Америкийн орнуудаас нийт 36.7 сая ам.долларын ашиг олсноор "Crouching Tiger, Hidden Dragon" (2000), "Life Is Beautiful" (1997), "Hero" (2002) кинонуудын дараах хамгийн өндөр ашиг орлого олсон гадаад кино болжээ. Мөн уг бүтээл нь Хойд Америкийн 1020 кино театрт гарч байгаа бөгөөд үүнийг амралтын өдрүүдэд 2000 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тул нийт орлогын хэмжээ 50 сая ам.доллар хүрэх төлөвтэй байгаа ажээ.


Үүнээс гадна Шимэгч кино Их Британид нээлтээ хийсэн долоо хоногтоо 1.81 сая ам.долларын ашиг олсноор тус улсад эхний долоо хоногтоо хамгийн их ашиг олсон гадаад хэл дээрх кино болжээ. Мөн Италийн “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлж, мягмар гарагт 157 мянган еврогийн ашиг олсон бол Испанид мягмар гарагт хамгийн олон хүн үзсэн кино болсон байна.


Мөн ШимэгчТуркт өнгөрсөн баасан гарагаас, Индонезод мягмар гарагаас дахин гарч эхэлсэн бол Вьетнамд энэ сарын сүүлээс хар цагаан хувилбарыг үзүүлж эхлэх ажээ. “Шимэгч” Вьетнамд зургадугаар сард нээлтээ хийсэн бөгөөд тухайн үед хамгийн олон хүн үзсэн Солонгос киногоор тодорчээ.


Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас БНСУ-ын кино урлагийн зах зээл уналтад ороод байсан хэдий ч “Шимэгч” кино Оскарын шагнал хүртсэнээр дахин сэргэж эхэлжээ. Мөн Оскарын шагналт бүтээлүүд болох “Jojo Rabbit, Little Women, 1917 зэрэг киног үзэгчид ихээр сонирхох болжээ. 


С.Анужин

Холбоотой мэдээ