Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Yandex/. Түүхэн бөгөөд урьд нь нууц байсан баримт бичгүүд олон нийтэд ил болж байна. ОХУ-ын эрх баригчид Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн өмнө Дэлхийн хоёрдугаар дайны үеийн маш олон баримт бичгийг нийтлэх шийдвэр гаргажээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа “Ялтагийн бага хурлын ойд. Ил болгосон баримт бичгүүд” гэсэн тусгай хэсэг нээсэн байна.
“Аугаа Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны талаарх хосгүй баримт бичгүүд ОХУ-ын Гадаад хэргийн яамны архивт хадгалагддаг. Тэдгээрийн ихэнхийг интернэт сүлжээнд хэдийнэ нийтэлсэн. “ЗСБНХУ ба холбоотнууд. Гитлерийн эсрэг тэргүүлэгч гүрнүүдийн гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны талаарх Оросын Гадаад хэргийн яамны архивын баримтууд” /agk.mid.ru/ вэб хуудаснаас архивын олон мянган материалыг үзэх боломжтой. Баримт материалын нэлээд хэсгийг Түүх-баримтат материалын газрын цахим хуудсанд байрлуулав /idd.mid.ru/. Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийн яамны Архивын алба сэдэвчилсэн баримт бичгийн цуврал цуглуулга бэлтгэсэн нь судлаачид, олон нийтийн сонирхлыг ихэд татна гэж найдаж байна. Эхний нийтлэлээс 1945 оны хоёрдугаар сарын 4-11-ний өдрүүдэд “Их гурвал” буюу ЗХУ, Их Британи, АНУ-ын удирдагчдын Крымийн хойг дахь Ялта хотод хийсэн уулзалтын баримт бичгүүдийг үзэж болно. Уг бага хурал нь Аугаа Эх орны дайны төгсгөлд болсон чухал үйл явдлуудын нэг бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий дахиныг эмхлэн тохинуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн билээ” гэж тус улсын Гадаад хэргийн яам 55 файл материалыг нийтлэхдээ онцлон тэмдэглэжээ.
55 хуудас бүхий материалд багтсан хамгийн сонирхолтой баримтуудын нэг бол ЗСБНХУ-ын төрийн тэргүүн И.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль нарын байгуулсан “Маш нууц” гэсэн бичээс бүхий “Хэлэлцээр” юм.
Хэлэлцээрийн сэдэв нь Японы эсрэг дайнд ЗСБНХУ-ыг "холбоотнуудын талд" оруулах, мөн хүчин төгөлдөр байдлыг нь АНУ, Их Британийн удирдагчид нотолж, баталсан "Зөвлөлт Холбоот Улсын нэхэмжлэл"-ийн тухай ажээ.