Орон нутагт амны хаалт үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-10 21:59:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл Monline үйлдвэрийн хамт олон орон нутагт амны хаалт тасарч, сүүлийн үед үнэ хэт их хөөрөгдөж байгаа энэ үед чанартай материалаар амны хаалт үйлдвэрлэж байна.

Тус хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд өртөх магадлалтай иргэнд харьяалал харгалзахгүй, 24 цагийн турш, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвд амны хаалтыг үнэ төлбөргүй олголоо.

Тус аймагт тасралтгүй арав гаруй жил оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Хөвсгөл иргэн" компани орон нутагтаа Хөвсгөл Monline спорт хувцасны үйлдвэрийг байгуулаад 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэж буй амны хаалт нь будаг гарахгүй, хүний биед харшил нөлөө үзүүлэхгүй эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийж байгаа гэдгийг тус компанийн захирал Д.Отгондулам хэлж байлаа.

Нэг цэгийн үйлчилгээний төв аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг холбогдох байгууллагатай хамтран аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах зэрэг үйлчилгээг 7 ажилтан 24 цагийн турш хохирогч бүртгэгдсэн тохиолдол бүрд үзүүлдэг ажээ.

 

Холбоотой мэдээ