Шекспирийн нас барсны 400 жилийн ойг тэмдэглэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТОКИО. /NHK/. Англид нэрт зохиолч Уильям Шекспирийн нас барсан өдрийг дурсан санах жагсаалд олон мянган хүн оролцжээ.
Түүний төрсөн газар болох Стратфорд-апон-Авонд олон хүмүүс түүний бичсэн зохиолуудын дүрээр өөрсдийгөө хувцасласан байна. Өнгөрсөн бямба гарагт хотын төвөөр жагссан зарим хүн Шекспирийн дүр бүхий маск зүүсэн байжээ.
Түүний өөд болсон өдрийг дурсан санах уг үйл ажиллагааны нэг хэсэг болгож “Ромео, Жульетта хоёр” жүжгийн хэсгээс тоглосон байна.
40-өөд насны нэгэн эмэгтэй ярихдаа "хэдий тэрээр 400 жилийн өмнө нас барсан ч Шекспирийн зохиолуудын дүрүүд нь хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чаддаг нь гайхалтай байдаг" гэжээ.
Шекспирийн амьдралынхаа сүүлчийн жилүүдээ өнгөрүүлсэн байшинд нь ханхүү Чарльз зочилж, зохиолчийн булшинд цэцэг өргөсөн байна.
Шекспирийн шүтэн бишрэгчдийн нэг болох АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Лондонгийн "Глоб" театрт “Гамлет” жүжгийг үзсэн бөгөөд жүжигчдэд хандан чангаар алга ташин баяр хүргэжээ. "Глоб" театрыг агуу зохиолчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн 1990-ээд онд дахин барьсан юм.
Х.Сарнай