Аяллын хөлөг онгоцон дээрх өөр 6 хүнээс коронавирус илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-09 19:34:04

ТОКИО. /Kyodo/. Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцны тавцан дээрх өөр 6 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 70 хүрсэн талаар Японы Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээлжээ.


Энэ сарын 19 хүртэл хөл хорионд орсон “Diamond Princess” нэртэй аяллын хөлөг онгоцны тавцан дээр 50 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 3700 орчим хүн байгаа бөгөөд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ үргэлжлүүлэн авсаар байгаа ажээ.


Хонконгийн 80 настай оршин суугч энэхүү хөлөг онгоцоор зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар уг онгоцыг хөл хорионд оруулжээ. Уг зорчигч өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Токиод ирж, дээрх хөлөг онгоцонд 20-нд сууж, 25-нд Хонконгт буусан байна. 


Хятадад шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо өнөө өглөөний байдлаар 811 хүрснээр 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ