Япон, Их Британийн Гадаад хэргийн сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-09 10:57:36

ТОКИО. /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб нар Токио хотноо бямба гарагт уулзаж, хоёр талын худалдааны шинэ гэрээний талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцжээ.


Ази-Номхон далайн бүс нутгийн дөрвөн оронд айлчлахаар төлөвлөж буй Д.Рааб улс орноо Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс нэгдүгээр сарын 31-нд гарснаас хойш гадаадын орнуудад айлчлал хийж буй Их Британийн анхны сайд болж байна.


Т.Мотэги Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарах нөхцлөөс зайлсхийж чадсаныг сайшаагаад, хоёр талын эдийн засгийн түншлэлийн шинэ харилцааг цогцлоох хэлэлцээг аль болох ойрын хугацаанд эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Үүний хариуд Д.Рааб хоёр тал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн далай тэнгисийн аюулгүй байдал зэрэг нийтлэг асуудлуудаа хамтран зохицуулна хэмээн найдаж байна гэж хэлжээ.


Мөн талууд хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын бүрэлдэхүүн багтсан “2+2” хэлбэрийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Д.Рааб Их Британийн хувьд Японы бизнесийн хөрөнгө оруулалт ихээхэн ач холбогдолтойг мөн онцолсон байна.


Хоёр орны Гадаад хэргийн сайд нар уулзалтынхаа төгсгөлд шинэ төрлийн коронавирусний халдварыг хязгаарлах чиглэлд хамтран ажиллаж, уг вирусний тархалттай тэмцэж буй Хятадын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ. 

Холбоотой мэдээ