Таван сумын ЗДТГ өнгөрсөн оны үйл ажиллагаагаа тайлагналаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-06 21:28:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 15 сумын 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох хуваарь гаргасны дагуу өнөөдөр Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай сум үйл ажиллагаагаа  танилцууллаа.

Аймгийн ЗДТГ-аас 15 сумын үйл ажиллагаанд 10 гаруй шалгуураар үнэлгээ хийж байгаа бөгөөд сумаас ирүүлсэн тайлан, зарим мэдээлэлд тулгуурлан ихэнх шалгуурыг үнэлж, харин сумын бүтээн байгуулалт, аймгийн Засаг даргын 2019 оны 01 тоот захирамжийн хэрэгжилт, хүний нөөцийн хөгжил, шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажлууд гэсэн дөрвөн асуудлын хүрээнд тайланг ийнхүү сонсож, үнэлгээг эцэслэн гаргах ажээ.

Аймгийн Засаг даргын 2019 оны 01 тоот захирамжаар “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн зорилго, зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагааг баталжээ. Тиймээс тайлангаа тавьж байгаа сум бүр өнгөрсөн онд иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний үр дүн, өөрчлөлтийн талаар танилцуулсан юм.

Энэхүү тайлангийн хурлын үеэр сумын Засаг дарга нар дээрх дөрвөн асуудлын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, амжилтаа ярихын зэрэгцээ хөдөө сумдад тулгамдаж байгаа асуудлууд, зарим хууль журмыг хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээлээ ярьж, саналаа хэлж байсан. Тухайлбал, Төрийн албаны шинэ хуулийн шаардлагад нийцсэн боловсон хүчин хөдөө сумдад цөөн байгаа учраас зарим ажлын байр хүнгүй, ажилд орсон ажилтнуудын чадавх сул байгааг онцолж байлаа.

Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан өдөрт таван сумын тайланг сонсох хуваарь гаргаж, хэвлэл мэдээлэл, ТББ-уудыг нээлттэй оролцуулж байна. Дараагийн 10 сум хоёрдугаар сарын 7, 10-ны өдөр үйл ажиллагаагаа танилцуулах ажээ. 

Холбоотой мэдээ