Мэргэжлийн ангиуд бэлэн байдалд ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-06 17:15:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн саруудад дэгдэлт ихтэй байгаа томуу, томуу төст өвчин, зарим улс оронд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч, Баянхонгор суманд мэргэжлийн ангиуд өндөржүүлсэн бэлэн байдалд, эрүүл мэндийн албаны штаб 24 цагаар ажиллаж байна.

Энэ хүрээнд мөн 24 цагийн хяналтын постыг ажиллуулан, хот хоорондын зорчигч тээвэр, авто замын дагуух тээврийн хэрэгсэл, нисэх онгоцны нисэх буух үед зорчигчдын эрүүл мэндэд хяналтын үзлэг хийж байгаа аж. Үзлэгийг аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Авто тээврийн төв хамтран хийж байгаа юм байна.

Томуу, томуу төст өвчний улмаас аймгийн Хүүхдийн эмнэлгийн ачаалал ихэссэнтэй холбогдуулан Уламжлалтын тасаг, Өсвөр үеийн кабинетэд нэмэлтээр ор дэлгэснээр нийт 103 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн хүлээн авахад өрхийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ