Нэг өрхөд 440 мянган төгрөгийн тусламж олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Английн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн 19 сумын 200 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг үзүүллээ.
“Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сан”-аас нэг өрхөд бэлнээр 240 мянган төгрөг, малын витаминжуулсан тэжээл, загасны тос, туурайн тос, нүдний тос зэрэг нийт дүнгээр 440 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлж байгаа юм. 16-аас дээш насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг /эх/, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл энэхүү тусламжид хамрагдлаа.Тусламжийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд УЗХ-ны тэргүүн А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, УЗХ-ны дарга Б.Энхцогт болон сумдын ИТХ-ын дарга нар гардуулан өгөв.