БНСУ-ын иргэдийг тээвэрлэсэн эхний нисэх онгоц Уханиас иржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-01-31 12:57:18

СӨҮЛ. /Yonhap/. Шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос БНСУ-ын 367 иргэнийг тээвэрлэсэн нисэх онгоц баасан гарагт Сөүл хотод иржээ.  


Эх орон руугаа буцах хүсэлт гаргасан БНСУ-ын 720 иргэний тэн хагасыг тээвэрлэсэн нисэх онгоц “Гимпо” олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар өглөөний 8 цагийн орчимд газарджээ. Уг нисэх онгоцоор нийт 368 иргэн авчрахаар төлөвлөж байсан боловч халуурах шинж тэмдэг илэрсэн нэг хүнийг суулгаагүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.


Нүүлгэн шилжүүлсэн иргэдийн биеийн байдлыг нисэх онгоцны буудал дээр хянах бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд 14 хоногийн турш тусгаарлана. Харин халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг эмнэлгүүдэд хүргэн эмчлэх ажээ. Мөн Уханьд үлдсэн иргэдийг ойрын хугацаанд эх орондоо авчрахаар төлөвлөжээ.


Баасан гарагийн өглөөний байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онцгой байдлын хороо пүрэв гарагт шуурхай хуралдаж, коронавирусний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан юм. Уг вирусний халдвар одоогийн байдлаар 20 орчим оронд бүртгэгдээд байна. 

Холбоотой мэдээ