Жюүрёо зиндааг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваатай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-23 17:23:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн Дээд буюу Макүүчи зиндааны 12 дахь өдрийн барилдааны дараа Шодай, Токушорюү нар 11 даваа, 1 унаатай башёг тэргүүлсээр байна.


Тэргүүлэгчдийн эгнээнээс 1 даваагаар ухарсан Озэки Такакейшо энэ өдөр Точиношинг давснаар 1 даваа, 2 унаатай тэргүүлэгчдийг нэхэж явна. Энэ башёд хамгийн түрүүн 50 хувийн амжилтаа үзүүлсэн Магэаширагийн 17-гоос барилдаж буй Токушорюү, 12 дахь өдрийн барилдаанд 2 унаатай явсан Кагаякиг давж 11 даваатай боллоо.


Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Оношод унаж 3 даваа, 9 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Садоноүмиг давж 8 даваа, 4 унаатай болж 50 хувийн амжилтаа хийлээ. Сэкиваке Эндо энэ өдөр Хокүтофүжиг давснаар 7 даваа, 5 унаатай болсон бол Хокүтофүжи 9 даваа, 3 унаатай байна. Митакэүми, Шохозанд унаснаар 5 унаатай байгаа бол Шохозангийн унаа, даваа 6 болж тэнцэв.


Башёг тэргүүлж буй Шодай энэ өдрийн барилдаанд Абиг давж 11 дэх даваагаа авлаа. Харин Озэки Гойэдо, Асаноямаг давснаар 4 даваатай байна. Харин хамгийн жижиг, жин бага Энхо, Такаясүг хаяж 7 даваагаа авсан бол Такаясү 8 унаатай болж 50 хувийн амжилтаа хийх боломжгүй болов.


Ташрамд дуулгахад, Жюүрёо зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваатай нэг ч унаагүй, Хацү башёг ганцаараа тэргүүлж байна.

 

Холбоотой мэдээ