Арвайхээр, Тарагт болон Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-22 18:34:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн мэдүүлэв.


Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төв хотуудын /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байдаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.


Мөн барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барьсан.


1919 онд байгуулсан Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага нь Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байдаг бөгөөд одоогоор 187 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн байна. Тус байгууллагын Ерөнхий бага хурал 1988 оны 6-р сарын 1-нд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай’’ 167 дугаар конвенцыг баталсан билээ. Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад энэ конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ