Засгийн газар тэтгэврийг 25-40 мянган төгрөгөөр нэмэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-22 12:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэв.


Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар өсөн, дундаж хэмжээ 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 2016 онд 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга, 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ.  Энэхүү шийдвэрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.

Холбоотой мэдээ