Өрхийн эмнэлгийн нэг иргэнд ногдох санхүүжилтийг хоёр дахин нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-21 15:39:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, хүн амд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд анхаарч ажиллажээ.  


Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964.6 тэрбум болж, 38 хувиар өссөн байна.

 

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж,  өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15.000 төгрөг байсныг 2020 онд 30.000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Үүнд нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75.8 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэх юм.


Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын  төсвөөс  бүрэн  хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон.

Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн.  Тухайлбал, сэргээн засах тусламж үйлчилгээ 20000 байсныг 45000, өдрийн эмчилгээ 30000 байсныг 70000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25000 байсныг 50000-70000 төгрөг болгож тус тус өсгөсөн байна.

Ийнхүү өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшлэх юм.



Холбоотой мэдээ