С.Лавров: Зүүн Хойд Азийн талаарх ОХУ-ын гадаад бодлого

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-04-21 18:51:51

Өнгөрсөн долоо хоногт манай улсад албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад хэргийн яаманд “Зүүн Хойд Азийн талаарх ОХУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц уншсан билээ. Уг лекцид Монгол Улсын төр, засаг, судалгааны байгууллагуудыг төлөөлж 100 гаруй хүн оролцжээ.  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уг лекцийг орос хэлнээс орчуулан бүрэн эхээр нь толилуулж байна.

“Эрхэм хүндэт мэргэжил нэгт нөхөд өө,

Найз нөхөд өө,

Хатагтай, ноёд оо,

Орчин үеийн дэлхий дахины байдал, дэлхий нийтийн хөгжлийн гол чиг хандлагын талаарх Орос улсын байр суурийн тухайд санаа бодлоо хуваалцана уу гэсэн Монгол Улсын Гадаад хэргийн сайд, миний ажил мэргэжил нэгт нөхөр Л.Пүрэвсүрэнгийн хүсэлтийг талархан хүлээн авлаа. Өнөөдөр олон улсын харилцааны бүтэц тогтворгүй, байнгын хөдөлгөөнд оршин буй нөхцөлд ийм харилцан яриа нь чухал хэрэгтэй билээ. Энэхүү уулзалт нь манай хоёр орны стратегийн түншлэлд харилцан итгэлцлэлийн түвшин маш өндөр байгааг харуулж байна.


Дэлхий ертөнц өнөөдөр түүхэн шинэ эрин үед шилжин орох үе шатандаа ирээд байна. Энэ бол бидний хийж буй ул суурьтай дүгнэлт юм. Өнөөдөр олон улсын харилцааны олон төвт бүтэц бий болж байна. Энэ бол орчин үеийн ертөнцийн соёл-соёл иргэншлийн олон талт байдал, хүчний болоод нөлөөллийн шинэ төвүүд үүсч бэхжиж буйг харуулахын зэрэгцээ хувь заяагаа өөрсдөө шийдэх гэсэн ард түмнүүдийн зүй ёсны хүсэл эрмэлзлийг тусгаж буй бодит үйл явц мөн. Сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдлууд нь нэг туйлт ертөнцийг бий болгох оролдлого хийгээд дэлхий дахинд ганцаар давамгайлах  хүсэл эрмэлзэл нь төөрөгдөлд хүргэдэг болохыг харуулж байна. Өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн аль нэгэн улс орон, хамгийн хүчирхэг нь байлаа ч тэр, хэсэг бүлэг орнууд байгаад ч тэр орчин цагийн тулгамдсан асуудлуудыг дангаараа шийдвэрлэх гэж оролдоод ч нэмэргүй нь илт болжээ.   


Ийм нөхцөл байдал үүссэн үед бүгдэд тулгарч буй асар том сорилт хийгээд аюул заналд оновчтой хариу барих үүднээс  дэлхийн тавцан дахь үндсэн гол тоглогчдын жинхэнэ бодитой түншлэлд тулгуурлан үндэсний эрх ашиг хийгээд хамтын дипломат үйл ажиллагааны хоорондох ухаалаг тэнцвэрийг эрж хайх нь чухал боллоо. Энэ нь үнэн хэрэг дээрээ бол, нэг талаас бүхий л арга хэрэгслийг ашиглан өөрийн давамгайллыг тогтоох, бусдад өөрийн хүсэл зоригийг тулган хүлээлгэх гэсэн оролдлого, нөгөө талаас дэлхийн тогтолцооны гол шинжүүдийг /параметрүүдийг/ тодорхойлоход чиглэсэн жам ёсны өрсөлдөөнийг соёлжин иргэншсэн голдрилд оруулах, ингэхдээ олон улсын эрхзүй болон нийтлэг тоглоомын дүрмийг мөрдөх явдал юм. Орос улс мэдээж хоёрдахь замыг сонгож байгаа. Бие даасан, хэнээс ч үл хамаарах гадаад бодлого явуулахдаа бид нааштай бөгөөд ирээдүйд чиглэсэн эерэг хандлагуудыг урагшлуулан ахиулахыг эрмэлзэж байна. Бид олон улсын байдлыг эрүүлжүүлэх, дэлхий даяар сөргөлдөөнт байдлыг намжаахад тус дөхөм үзүүлэхийг зорьдог.


Эл зорилгоор НҮБ, БРИКС, Евразийн Эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, “20-ийн бүлэг болон олон талт харилцааны бусад хэлбэрүүдийг /форматуудыг/ ашиглаж байна. Сонирхогч бүх улс орон, тэдгээрийн интеграцийн нэгдлүүдтэй эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бид нээлттэй байдаг.


Өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй маш олон асуудал бэрхшээлүүдийг зөвхөн хамтын хүчээр даван туулж болно гэдгийг дараах үйл явдлууд нотлон харууллаа. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөрийг энхийн зорилготой болгоход чиглэсэн Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө, Сирийг химийн зэвсэггүй болгох тохиролцоо, тус улсад байлдааны ажиллагааг зогсоох, хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхтэй уялдуулан улстөрийн замаар зохицуулах үйл явц эхэлсэн зэргийг дурдаж болно. Түүнчлэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан чухал шийдвэрүүд, түүний дотор уур амьсгалын асуудлаар хэлэлцээр байгуулах тохиролцоог ч дурдаж болно.


Нөгөө талаас, өөрийн аминчхан явцуу ашиг сонирхлоо тулган хүлээлгэх, өөрийн үнэ цэнэт зүйлс болон хөгжлийн загварыг түгээн дэлгэрүүлэх гэсэн оролдлогууд, түүний дотор хүчээр тулган хүлээлгэх оролдлогууд нь харамсмаар үр дагаварт зайлшгүй хүргэнэ. Иймэрхүү харалган үйл ажиллагааны улмаас Ойрхи Дорнод, Хойд Африкийн хэд хэдэн улс оронд засаглалын хоосон орон зай бий болсныг “Лалын улс”, “Жабхат ан-Нусра” болон бусад бүлэглэлийн террористууд тэр даруйд нь ашиглалаа.


Хэт даврах үзлийн вирус Ойрхи Дорнод, Хойд Африкийн хил хязгаараас халин тархах аюул байгааг бид эртнээс анхааруулан хэлж байсан. Харамсалтай нь, энэхүү аюул заналын эсрэг харилцан уялдаатай цохилтыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс цаг тухайд нь өгч чадсангүй. Үүнд террористуудыг “муу” эсвэл “өөрийн зорилгод ашиглаж болох” гэж ангилж ирсэн геополитикийн инженерчлэлийн буруу ташаа практик саад тотгор боллоо. Дэлхий даяар цуврал террорист халдлагууд тасралттгүй болсоор байгаа нь зөвхөн “Лалын улс” болон түүнтэй адилхан олон бүлэглэлийн бүдүүлэг хэрцгий үзэл суртлын мөн чанарыг харуулж буй хэрэг биш юм. Бие биеэс хамааралтай болсон өнөөгийн дэлхий ертөнцөд тус тусдаа “аюулгүй байдлын баян бүрд” байгуулан амьдрах, эсвэл үймээн самуунтай хөршүүдээсээ тусгаарлан хана босгох гэсэн аливаа оролдлого нь  бүтэлгүйтэлд хүргэдэг гэдгийг ч бас нотлон харуулж байна.  

Өнөөдөр аливаа санал зөрөлдөөнөө хойш нь тавьж, ямар нэгэн урьдчилсан болзол нөхцөл тавилгүйгээр терроризмтэй хийж буй тэмцэлд нэгдэх нь чухал болжээ. Олон улсын нийтлэг эрхзүйд тулгуурлан терроризмын эсрэг өргөн фронт байгуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы индрээс үг хэлэхдээ санал дэвшүүлсний гол утга учир нь үүнд орших юм.

Сирийн удирдлагын тавьсан хүсэлтийн дагуу Оросын Агаар-сансрын хүчний явуулж буй ажиллагааны үндэс нь үүнтэй логикийн утга уялдаатай билээ. Манай Агаар-сансрын хүч Сирид үйл ажиллагаагаа явуулдаг “Лалын улс”-ынхан болон бусад террорист бүлэглэлд хүчтэй цохилт өгсөн нь “газарт” нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөхөд тус дөхөм болсон юм. Үүний сацуу, Сирийн талуудын оролцоотой яриа хэлцээ болон НҮБ-ын ивээл дор мөргөлдөөнийг улстөрийн аргаар зохицуулахад чиглэгдсэн энхийн бодит үйл явцыг урагшлуулах, Сири улсыг нэгдмэл, бүрэн бүтэн, бүрэн эрхт улс хэвээр байлгах таатай нөхцлийг бүрдүүлсэн билээ. Яг энэ өдрүүдэд Женев хотноо дахин эхэлж буй Сирийн талууд хоорондын хэлэлцээр үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна.

Харамсалтай нь, үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа терроризмын эсрэг хамтын ажилллагааг эрчимжүүлэхэд Украинд болсон үйл явдалтай холбоотойгоор Барууны зарим орнуудын зүгээс Орос улсын талаар явуулж буй бодлого саад тотгор болсоор байна. Жинхэнэ бодит түншлэлийн үндсэн дээр яриа хэлцээ хийхийг барууны улс орнууд хүсэхгүй байгаагийн үр дагавар болох Евро-Атлантик дахь хямралын тухайд дэлгэрэнгүй яримааргүй байна. Улс түмнүүдийг “өөрийнх” ба “харийнх” хэмээн ангилж, геополитикийн орон зай эзэлж авах гэсэн харалган бодлого давамгайлах боллоо. Ийм бодлогын оргил туйл нь АНУ болон Европын Холбооны зарим гишүүн орнуудын дэмжлэгтэйгээр Украинд хийсэн төрийн эргэлт юм.

Украины засгийн эрхийг үндсэн хуулинд харш байдлаар зэвсгийн хүчээр булаан авсан үндсэрхэг үзэлтнүүд өөрсдийн хариуцлагагүй үйл ажиллагаагаараа улс орныг хагарал бутралын ирмэг дээр аваачин Донбасст иргэний дайн дэгдээх тэр үед Вашингтонд ч тэр, Брюселльд ч тэр бүх зүйлд Оросыг буруутгах болов. Миний бодлоор, ийм бодлого нь явуургүй бөгөөд ёс суртахуунгүй үйлдэл юм.

Бид Америкийн түншүүддээ хандан, эрх тэгш байх зарчмыг удирдлага болгон урьдчилан тодорхойлж болохуйц, тогтвортой хамтын ажиллагааг бий болгохыг тууштай санал болгосоор ирсэн билээ. Орчин цагийн дэлхий ертөнцийн бодит байдал нь ийм хамтын ажиллагаа шаардлагатайг харуулж байна. Давтан хэлэхэд, нийтлэг асуудал, бэрхшээл сорилтод барих хариуг зөвхөн хамтын тэнцвэртэй хандлага, үндсэн гол тоглогчдын хүчин чармайлтыг нэгтгэсний үндсэн дээр олж болно.  

Орчин цагийн дэлхий ертөнцөд Оросыг тусгаарлан ганцаардуулах нь боломжгүй юм гэдгийг Өрнөдөд улам бүр ойлгож эхэлжээ. Үүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри-гийн саяхан Москвад хийсэн айлчлал харууллаа. Олон улсын харилцааны гол асуудлууд, бүс нутгийн халуун сэдвээр хамтын ажиллагааг бүрдүүлэхэд бидний дэмжлэг америкчуудад хэрэгтэй байна гэдгийг энэ айлчлал дахин нотлон харуулсан юм.

Сирийг дэмжих Олон улсын бүлгийг хамтран даргалагчид болохын хувьд Орос, АНУ-ын хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаа. Байдлыг зохицуулах “3амын зураг”-ийг зөвшилцөх, тусламж шаардлагатай хүмүүст хүмүүнлэгийн тусламж хүргэх, улстөрийн үйл явцыг эхлүүлэх зэргийг бид хийж чадлаа. Эдгээр шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаар баталсан болно. Одоо Москва, Вашингтон хоёрын хооронд эдгээр болон бусад асуудлаар дээд түвшний яриа хэлцээ идэвхтэй явагдаж байна. 2015 оны 9 болон 10 дугаар сард хоёр орны ерөнхийлөгч нар дөрвөн удаа уулзаж, энэ оны эхнээс хойш дөрвөн удаа утсаар ярилцсан билээ.

Орос улсын хувьд АНУ-тай ч тэр, НАТО болон Европын Холбоотой ч тэр сөргөлдөхийг хүсэхгүй байгаа бөгөөд хэзээ ч сөргөлдөөнийг өдөөн санаачилж байгаагүй болно. Сөргөлдөх уур амьсгал нь дэлхийн хөгжлийн оновчтой чиглэлийг тодорхойлоход чиглэсэн хүчин чармайлтад зөвхөн саад тотгор л хийнэ. Цаг хугацааны явцад Орос-Америкийн харилцаа хэвийн чиг урсгалдаа орно гэдэгт найдаж байна. Зөвхөн харилцан хүндэтгэх, ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх үндсэн дээр л үүнийг хийж болно. Дашрамд хэлэхэд, НАТО-гийн зүгээс Орос улстай харилцаагаа “хүйтрүүлсэн”-ээс хойш анх удаа ойрын өдрүүдэд НАТО-гийн санаачилгаар /20/IV/ Орос-НАТО-гийн Зөвлөлийн уулзалтыг хийх гэж байна. Үүнд тайлбар илүүц биз ээ.  

Украинд өрнөж буй үйл явдлаас үүдэн Европын Холбооны зүгээс Оросын талтай харилцах яриа хэлцээний механизмын үйл ажиллагааг зогсоож, Оросын хувь хүн болоод хуулийн этгээдүүдийн эсрэг хориг хязгаарлалт тавьж, өнгөрсөн оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Минскийн хэлэлцээрийг сахин биелүүлэхийг шаардах болов. Гэтэл уг хэлэлцээрт Оросын тухайд огт дурдаагүй бөгөөд Орос улс бол мөргөлдөөнд оролцогч тал биш ээ. Харин хүлээх ёстой гол үүргүүд Киевт тохоогдсон байгаа. Европын Холбоо ийм авцалдаагүй зөрчилтэй байр суурь баримталснаараа Минскийн цогц арга хэмжээг ямар нэгэн шийтгэл хүлээлгүйгээр санаатайгаар тасалдуулахад нь Киевийн эрх баригчдыг өөгшүүлж байна.  

Хэрвээ талууд бүгдээр хүсэл зориг гаргах аваас бидний Европын Холбоотой харилцах харилцаанд шийдэх боломжгүй асуудал гэж үгүй. Сөрөг хандлагыг зогсоохын тулд олон талт түншлэлийн замд эргэн орж, дангаараар үйл ажиллагаа явуулах гэсэн эндүү ташаа логикоосоо татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар “ердийн ажил хэргийн харилцаа” бүрэлдэхгүй билээ.

Гэсэн хэдий ч бидний хувьд интеграцийн үйл явцыг төгөлдөржүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг урьдын адил иш үндэс болгосоор байна. Үүний дүнд Евразийн Эдийн засгийн холбоо нь Европ, Азийг холбосон жинхэнэ “гүүр” болж, тогтвортой хөгжлийн шинэ шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход тус дөхөм үзүүлэх билээ.

Харамсалтай нь үйл явдал өөр чиглэлд өрнөсөөр байна. “Хүйтэн дайн” дууссаны дараачаас манай улсад цэрэг-улстөрийн дарамт үзүүлэх зорилгоор НАТО-гийн эвсэл цэргийн ажилллагаа, оролцоогоо дорно зүгт урьд өмнө байгаагүйгээр эрс идэвхжүүлж буйг бид харсаар л байгаа. Үүнийгээ бодит байдал дээр огт нуухгүйгээр үл барам ил тодоор зарлан тунхагласаар байна.

Оросыг “ад чөтгөр мэт харагдуулах” зорилго бүхий үзэл суртлын харгис кампанит ажлыг үүнтэй зэрэгцүүлэн явуулсаар байгаа юм. Хурц хямралд өртөөд буй энэ Эвслийнхэн цаашид оршин тогтнох утга учраа хайж олохын тулд дайсны эрэлд мордсон. Гэтэл бодитой бөгөөд зохиомлоор бий болоогүй аюул, бэрхшээлийн эсрэг хариу арга хэмжээ авахад энэ нь тус нэмэр болохгүй ээ.

Орос улс утга учиргүй сөргөлдөөнд татагдан орохыг хүсэхгүй бөгөөд түүнд татагдан орохгүй. Европ тивийн салшгүй нэгдмэл байдал, олон улсын эрхзүйд тулгуурласан аюулгүй байдлын салбар дахь нийт Европын харилцан ашигтай өргөн хүрээтэй хамтын ажиллагаанаас өөр ухаалаг хувилбар үгүй гэдэгт итгэлтэй байна.

Яриа хэлцээний олон хэлбэр /формат/ “царцанги байдал”-д орсон, эсвэл зогсонги байдалд орсон ээдрээтэй нөхцөл байдалд Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад чухал үүрэг ногдож байгаа юм. Харилцан ойлголцлол, итгэлцлэлийг бэхжүүлэх, тусгаарлах шугамууд шинээр бий болгохгүй байх, аюулгүй байдал, эдийн засаг болон хүмүүнлэгийн салбарт үүссэн өргөн хүрээтэй асуудлуудыг харилцан хүндэтгэх үүднээс хэлэлцэхэд энэхүү бүтэц чухал үүрэгтэй. Тус байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоо нэмэгдсээр буйд талархал илэрхийлье. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын чуулган амжилттай болж өнгөрсөн нь үүнийг нотолж байна.

Орос улс бол Ази-Номхон далайн бүс нутгийн салшгүй нэгэн хэсэг байсан, байсаар ч байгаа, хойшид ч байх болно. Ази-Номхон далайн чиглэл бол манай гадаад улстөрийн бодлогын гол чиглэлүүдийн нэг болж байдаг нь зүй ёсны хэрэг билээ. Бидний хувьд тус бүс нутагтай хамтран ажиллах явдал нь стратегийн шинж чанартай бөгөөд наад зах нь 21 дүгээр зууны турш үргэлжилнэ гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин удаа дараа мэдэгдэж байсан.

Ази-Номхон далайн бүс нутагт үр дүнтэй хамтран ажиллаж, хөгжих зайлшгүй нөхцөл бол бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал билээ. Харамсалтай нь сүүлийн үед тус бүс нутаг дахь цэрэг-улстөрийн нөхцөл байдал улам ээдрээ түвэгтэй болсоор байна. Газар нутгийн маргаанд ашиг сонирхлүүд зөрчилдөж, олон улсын терроризмын аюул занал улам бүр нэмэгдсээр. Эдгээрээс гадна, хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус цагаачлал, далайн дээрэм, хүнсний болон эрчим хүчний хангамжид үүсэх хүндрэл зэрэг асуудлууд гарч ирлээ.

Энэ бүхнээс улбаалан, эвслийн /блок/ бус хандлагын үндсэн дээр, олон улсын эрхзүйг хүндэтгэх, маргаан сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах, хүч үл хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэхгүй байх, улс орнуудын засгийн газруудыг түлхэн унагаах эсвэл бусад орны тогтвортой байдлыг бусниулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмжихээс татгалзах гэсэн зарчмуудын үндсэн дээр Ази-Номхон далайн бүс нутагт эрх тэгш бөгөөд хуваагдашгүй аюулгүй байдлыг хангах найдвартай механизмыг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч ирж байгаа юм.

Орос улсын санаачилга болон Хятад, Бруней улсын дэмжлэгтэйгээр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын “талбар”-т тус бүс нутгийн бүх улс орнуудын ашиг сонирхлыг тусгасан, орчин үеийн бодит байдалд нийцсэн, бүх нийтийг хамарсан аюулгүйн байдлын найдвартай бүтцийг бий болгох асуудлаарх яриа хэлцээний механизм бүрдлээ. Оросын санаачилгын зэрэгцээ Хятад, Энэтхэг, Индонез зэрэг орнуудын зүгээс шинэ санаа оноо гаргаж байна. Эдгээр нь нарийн ширийн зүйл дээр ялгаатай боловч зарчмын хувьд хоорондоо ижил төстэй юм. Монгол нөхдийн маань хувьд ч мөн адил өөрийн гэсэн санал санаачилга гаргаж, тухайлбал Зүүн Хойд Азийн асуудлаар дэвшүүлэх санаа оноо бий гэдгийг бид мэднэ.

“Тоглоомын нийтлэг дүрэм”-ийг боловсруулах зорилгоор хамтран ажиллах гэсэн хүсэл эрмэлзлээ ихэнх улс орон илэрхийлж байгаа нь гол зүйл юм. Бид зөвхөн хамтын хүчин чармайлтын үндсэн дээр манай бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангаж, стратегийн бодит тэнцвэр байдлыг тогтоож чадна гэдэгт итгэлтэй байна.

Солонгосын хойгийн байдал онцгой ихээр түгшүүр төрүүлж байна. Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шаардлагуудыг үл тоомсорлон, пуужин, цөмийн зэвсэг туршин заналхийлсэн хэвээр. Умард Солонгосын тал ухаалаг дуу хоолойг сонсч, хариуцлагагүй алхам дахин хийхээс түдгэлзэж, цөмийн статусаа дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлнэ хэмээн найдах нь төөрөгдөл болохыг ойлгож ухаарна гэдэгт найдаж байна.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, олон улсын улстөр, эдийн засгийн амьдралд эргэн орох нь юуны түрүүнд БНАСАУ-ын өөрийнх нь эрх ашигт нийцэж, энхийн зорилгоор сансрын уудам, атомын эрчим хүчийг ашиглах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бий болгож өгнө.   

Үүний сацуу, Пхеньяны явуулж буй үйл ажиллагааг Зүүн Хойд Азид цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, нэгэнт бий болсон хүчний тэнцвэрт байдлыг өөрчлөх,  шалтаг болгон ашиглах гэсэн эрмэлзэл сэтгэл түгшээж байна. Тус бүс нутгийг ээлжит сөргөлдөөний тавцан болгон хувиргах, пуужинт цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг дэвэргэх, АНУ-ын Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байршуулах шинэ районыг бий болгох нь огт байж болшгүй зүйл хэмээн үзэж байна.

Бүс нутагт харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг төлөвшүүлэн бий болгох, энх тайван, аюулгүй байдлын талаарх олон улсын эрхзүйн олон талт, үр ашигтай бөгөөд найдвартай механизмыг Зүүн Хойд Азид бүрдүүлэхийн тулд харилцан хүлээн авч болохуйц шийдлийг эрж хайх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.

Орос улсын хувьд энэ тал дээр нэлээд гүн гүнзгий боловсруулсан санал бий. Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулах зургаан талт хэлэлцээрт оролцогчид болон сонирхож буй бүх улс орнууд, түүний дотор Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна.

Дэлхий дахины хийгээд бүс нутгийн байдал ороо бусгаа байгаа нөхцөлд НҮБ-ын гол үүрэг, олон улсын эрхзүйд тулгуурлан нэгтгэх хандлагыг бэхжүүлэхэд тус дэм болохуйц, олон улсын харилцаанд тогтворжуулагч нөлөө үзүүлж чадахуйц тийм механизмууд чухал шаардлагатай болжээ. Яг ийм үүргийг одоо Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ гүйцэтгэж байна. ШХАБ нь өөрийн ард түмнүүдийн хөгжил цэцэглэлтийн тусын тулд нийтлэг болон үндэсний ашиг сонирхлын үндсэн дээр, жинхэнэ ёсоор дэлхий дахины ардчилсан бөгөөд шударга дэг журмыг бий болгосны үндсэн дээр нягт, үр дүнтэй хамтран ажиллаж буй улс орнуудын нэгдэл юм. Тус байгууллага нь олон улсын харилцааны өнөөгийн тогтолцоонд нэр хүндтэй бөгөөд нөлөө бүхий оролцогч нь болж төлөвшлөө. ШХАБ-ын дуу хоолойг анхааран сонсч байна. Дэлхийн янз бүрийн бүс нутгийн олон улс орнуудын зүгээс ШХАБ-тай холбоо тогтоох, түүнд бүрэн эрхт гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түншийн статустайгаар нэгдэх гэсэн хүсэл эрмэлзлээ илэрхийлж байгаа нь үүнийг нотолдог. Уфа хотноо өнгөрсөн онд болсон Дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг болон Пакистан улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасан бол одоо Ираны хүсэлтийг авч хэлэлцэж байна.

Аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн чиглэлд ялангуяа тээвэр, мэдээлэл-харилцаа холбооны технологи, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдал тус байгууллагын хэлэлцэх асуудлын жагсаалтад бий. Өнөөгийн үе шатанд  Монгол Улс нь ажиглагч орны хувьд ШХАБ-ын хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд өмнөхөөс илүү идэвхтэй оролцох нь түүний эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Даяаршлын нөхцөлд улам бүр хүчтэй болж буй харилцан хамаарал нь эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн стандарт бус, шинэлэг хандлагыг  шаардах боллоо. Энэхүү зорилтыг гагцхүү түншлэлийн зүй тогтол /логик/ ба харилцан ашигтай байх зарчмыг удирдлага болгон хамтдаа шийдвэрлэх боломжтой.  

Бидний хувьд Евразийн болон бусад интеграцийн үйл явцыг хооронд нь сөргүүлэн тавьдаггүй. Харин эдгээр үйл явцыг төгөлдөршүүлэх, Европ болон Ази-Номхон далайн бүс нутгийг холбосон гүүр болгохоор ажиллаж байгаа гэдгийг дахин тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Евразийн Эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ болон Вьетнам улсын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээр байгуулагдлаа. ЕАЭЗХ-той нягт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж буй бүс нутгийн хэд хэдэн оронтой дээрхтэй адил баримт бичигт гарын үсэг зурах боломжийг судалж байна. Төв Азийн орон зайд дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан. Тухайлбал, ЕАЭЗХ-ны бүтээн байгуулалт ба Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн төслийг хооронд нь уялдуулах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьж байна. Өнгөрсөн оны зургадугаар сард гарын үсэг зурсан Санамж бичигт үндэслэн ЕАЭЗХ-Монгол гэсэн хэлбэрээр /форматаар/ хамтын ажиллагааг хөгжүүлэх явдлыг ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. Өнөөдөр энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нартай ярилцлаа.

ЕАЭЗХ, ШХАБ болон АСЕАН-ны гишүүн орнуудыг оролцуулан эдийн засгийн түншлэлийг бий болгох тухай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгыг хэрэгжүүлэхэд энэ бүх хүчин чармайлт баттай эх суурийг тавьж байгаа юм. Уг эдийн засгийн түншлэл нь дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг хамарч, эрх тэгш байх, бие биенийхээ эрх ашгийг харилцан харгалзан үзэх зарчимд тулгуурлаж, сонирхогч бүх талын хувьд нээлттэй байх болно. Энэ оны тавдугаар сард Орос улс болон Зүүн Өмнөд Азийн орнуудын Холбооны хооронд яриа хэлцээний түншлэл бий болсны 20 жилийн ойд зориулан Сочид болох ОХУ-АСЕАН-ны Дээд хэмжээний уулзалт нь дээрх үйл явцад жинтэй түлхэц өгөх болно. Энэ бүх чиглэлээр тууштай урагшласнаар ирээдүйд хамтын ажиллагааны нэгэн төрлийн “хаб”-ыг бий болгож, энэ нь цаашдаа Евразийн асар уудам орон зайд хөгжил хийгээд аюулгүй байдлыг хангах хөдөлгүүр болж чадах юм.

Орос улс болон бидний хөрш БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь дэлхий дахин болон бүс нутагт өрнөж буй үйл хэрэгт тогтворжуулагч чухал үүргийг гүйцэтгэдэг. Орос-Хятадын харилцаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрч хөгжин, олон улсын харилцаанд ухаалаг, тэнцвэртэй хандлагыг батжуулах, эрхзүйн үндэс суурийг хадгалахад тус дөхөм болох эерэг хүчин зүйл болж байна. Манай хоёр орон орчин үеийн амин чухал асуудлуудаар адил төстэй болон маш ойролцоо байр суурь баримталж, эрхзүйн зарчим болон улс түмнүүдийн өвөрмөц онцлог, хөгжлийн замаа бие даан сонгох эрхийг нь хүндэтгэн үзэх зарчмын үндсэн дээр олон төвт дэлхий ертөнцийн шинэ дэг ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцэж байгаа билээ. Бид юуны түрүүнд НҮБ, “20-ийн бүлэг” БРИКС, ШХАБ зэрэг олон талт хамтын ажиллагааны янз бүрийн хэлбэрийн хүрээнд Хятадын талтай үр дүнтэй, маш нягт хамтран ажилладаг. 2010 оноос хойш БНХАУ нь Орос улсын худалдааны хамгийн гол түншийн байр сууриа хадгалсаар ирлээ. Эрчим хүчний салбарт стратегийн шинжтэй төслүүд хэрэгжиж, сансар судлал, нисэх онгоцны үйлдвэрлэл, цөмийн эрчим хүч, цэрэг-техникийн хамтын ажиллагаа зэрэг өндөр технологийн салбаруудад хамтын ажиллагаа маань урагшлан хөгжсөөр байна.     

Орос, Монгол, Хятадын удирдагчдын 2014 оны 9 дүгээр сард Душанбе хотод уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан санаачилгаар бий болсон гурван талт хамтын ажиллагааны шинэ механизмыг ажил хэрэг болгох нь чухал ач холбогдолтой хэмээн үздэг.

Уфа хотод 2015 оны 7 дугаарын 9-нд болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын “талбар”-т гурван улсын удирдагчид болох В.В.Путин, Ц.Элбэгдорж, Си Зинпин нарын батлан сайшаасан баримт бичгүүдийг ажил хэрэг болгон нь гурван орны олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ хэтийн төлвийг нээх билээ. Эдгээр тохиролцоог хэрэгжүүлэх нь Орос, Монгол, БНХАУ хоорондын хамтын ажиллагаанд шинэ үе шат болно гэдэгт итгэлтэй байна. “Замын зураг” төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гурван орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүнчлэн Орос, Монгол, Хятадын хооронд “эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг ойрын үед боловсруулж дуусгахын тулд хамтын хүчин чармайлтаа нэгтгэх нь чухал бөгөөд энэ оны 6 дугаар сард Ташкент хотод болох ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр гурван орны удирдагчдад батлуулахаар танилцуулах боломж бий.

Эрхэм хүндэт найз нөхөд өө, Монгол Улс бол Орос улсын хувьд цаг хугацаагаар шалгагдсан стратегийн түнш бөгөөд бидний гадаад улстөрийн бодлогод онцгой байр суурь эзэлдэг. Энэ онд бид дипломат харилцаа тогтоосныхоо 95 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хамтран бүтээсэн түүх, зэвсэгт нэгт ахан дүүсийн нөхөрлөл биднийг нэгтгэж байдаг. 2014 онд Халхын голын ялалтын 75 жилийн ой, өнгөрсөн онд Аугаа их орны дайны ялалтын 70 жилийн ойг бид хамтдаа тэмдэглэсэн билээ. Дайны жилүүдэд манай улсад Монголын үзүүлж байсан тусламжийг Орос оронд дурсан санасаар байдаг.

Өнөөдөр бидний сайн хөршийн харилцаа иж бүрэн агуулгатай болжээ. Энэ талаар бид Монголын ажил мэргэжил нэгт нөхөр болон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тодорхой ярилцсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой одоо уулзах гэж байна.

Улстөрийн яриа хэлцээ нь ялангуяа өндөр дээд түвшний яриа хэлцээ, гадаад бодлогын байгууллагууд болон аюулгүй байдлын зөвлөлүүдийн шугамаар хэрэгжих холбоо харилцаа, парламент хоорондын болон бүс нутгийн солилцоо эрчимтэй өргөжин тэлж байна. Худалдаа-эдийн засгийн харилцааны эрч дахин сэргэх хэтийн төлөв харагдаж байна. Энэ оны 1 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Орос улсын өмнө хүлээх Монгол Улсын санхүүгийн үүргийг зохицуулах тухай хуульд гарын үсэг зурсан нь хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломжийг нээж өглөө. Өнөөдөр гарын үсэг зуран баталсан Орос, Монголын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бидний хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа холбоогоо улам бэхжүүлэхэд бид бэлэн.

Бидний байр суурь орчин үеийн амин чухал ихэнх асуудлаар адил төстэй болон ойролцоо байгаа билээ. НҮБ болон бусад олон улсын байгууллагад Оросын байр суурийг монгол нөхөд уламжлал ёсоор цаашид дэмжинэ хэмээн найдаж байна.

Энэ оны долдугаар сард Улаанбаатар болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалт нь олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг ихээхэн нэмэгдүүлж, сонирхогч улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд түлхэц болно гэж найдаж байна. Уг уулзалтад бэлтгэх, түүний дүнгийн баримт бичгийг боловсруулахад нь монгол нөхөддөө шаардлагатай туслалцааг бид үзүүлсээр байх болно.

Бидний хамтын хүчин чармайлт нь хоёр талын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд томоохон түлхэц болно гэж үзэж байна. “Найз нөхөртэй бол цөлд ч амьдарч чадна, найз нөхөргүй бол цэцэгт талд амьдраад ч хэрэггүй” /Танилтай бол талын чинээ, танилгүй бол алгын чинээ гэсэн зүйр цэцэн үгийг хэлж байгаа бололтой/ гэсэн утгатай монгол ардын зүйр цэцэн үг байдгийг надад хэлж өгсөн. Үүнтэй зуун хувь санал нэг байна. Та бүхний хамтаар хоёр орны түншлэлийг бэхжүүлэхэд бүх талаар тус дөхөм үзүүлэхийг хүсч байна.

Орчуулсан: Б.Адъяахүү  

 

 

Холбоотой мэдээ