Австралид Хятадаас ирж буй зорчигчдыг шалгана

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-01-21 12:01:05

СИДНЕЙ. /ABC/. Хятадад дэгдсэн шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ухань хотоос ирж буй зорчигчдын биеийн байдлыг хянана гэж Австралийн Засгийн газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан төлөөлөгч Брендан Мерфи мягмар гарагт мэдээлжээ.


Шинэ вирусний халдварын 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж Хятадын эрх баригчид албан ёсоор мэдээлсэн бөгөөд уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Ухань хотод 4 хүн нас барсан байна.


Хүнээс хүнд халдварлах боломжтой уг вирусний халдвар өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр Ухань хотод анх бүртгэгдсэн бөгөөд Тайланд, Япон, БНСУ-д нийт 4 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор уг халдварыг олон улсын агаарын тээврээр дамжин тархаж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзжээ.


Б.Мерфигийн мэдээлснээр, био аюулгүй байдлын мэргэжилтнүүд Ухань-Сидней чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын биеийн байдлыг пүрэв гарагаас эхлэн шалгах аж. Уг үйл ажиллагааны хүрээнд зорчигчдод мэдээлэх хуудас тарааж, халуурах гэх мэт сэжигтэй шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг лавлах ажээ. 

Холбоотой мэдээ