Бичиг соёлын үнэт дурсгал, үнэ цэнийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГБОНХАЖЯ-ны харьяа “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгж, Үндэсний номын сантай хамтран “Үнэт ховор номын музей”-д гадаад, дотоодын жуулчид, олон нийтийг зочлуулж, нүүдлийн соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт, семинарыг анх удаа зохион байгууллаа.
Уулзалтыг нээж “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжийн удирдагч доктор, профессор Д.Гансүх, Үндэсний номын сангийн захирал доктор А.Нансалмаа нар үг хэлэв. Энэ үеэр талууд цаашид нэгэн зорилгын дор бие биенээ дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Үүний дараа нийт оролцогчиддоо нүүдэлчин монголчуудын эрт дээр үеэс ном, бичиг соёлын асар баялаг өв, дурсгалыг бүтээж ирснийг илэрхийлэх тус номын сангийн “Үнэт ховор номын музей”-д хадгалагдаж буй бичиг соёлын үнэт дурсгалын онцлог, түүний үнэ цэнийг дэлгэрэнгүй танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
Ж.Болор