"Ой тогтоолт" оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-20 18:00:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт "Оюунлаг Булган" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Ой тогтоолт" оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд 18 сургуулийн 155 сурагч 10 төрлөөр оролцон авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Аймгийн  хэмжээнд хоёр дахь удаагаа зохиосон тэмцээний дунд ангийн төрөлд Булган сумын 1-р сургуулийн сурагч А.Сэргэлэнзул, ахлах ангийн төрөлд Рашаант сумын сургуулийн сурагч О.Мөнгөнсүх нар түрүүлжээ. Сургуулиудаас дунд ангийн төрөлд Булган сумын 1-р сургууль, ахлах ангийн төрөлд Рашаант сумын сургууль шалгарсан байна. Мөн “Оюунлаг Булган хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй “Оюунлаг сургууль”-аар Рашаант сумын сургуулийг тодруулжээ.

-Ой тогтоолтыг хөгжүүлэх сэтгэх чадварын клубт аймгийн хэмжээгээр 7, 8, 11, 12 дугаар ангийн 4166 сурагч хамрагдан хичээллэж байна. Гурван жилийн өмнө ой тогтоолын чиглэлээр ямар нэгэн системтэй сургалт байгаагүй. “Оюунлаг Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургагч багш нар бэлтгэснээр өрсөлдөх чадвартай Булганы ирээдүй хойч үеийг бэлтгэж байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх ярилаа.

Холбоотой мэдээ